
-Таны нөхөр Д.Цогтбаатарыг өнгөрсөн долоо хоногт баривчлан хорьсон. Түүнийг гадаадын иргэнийг алга болсон хэрэгт сэжиглэн баривчилсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байгаа. Энэ тал дээр?
- “Миний нөхрийн талаар огт баримтгүй, хэт нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээллүүд байнга гарч байгаа учраас бодит үнэн ямар байгааг олон түмэнд дуулгахаар би өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа юм. Миний нөхрийг баривчлан хорьсноос хойш өнөөдөр найм дахь хоног нь болж байна.
-Та баривчлагдснаас нь хойш нөхөртэйгээ уулзсан уу?
-Анх баривчлахдаа надад дуулгаагүй, хувцасыг нь солиулалгүй авч явсан. Одоо хүртэл би нөхөртэйгээ ямар ч холбоо бариагүй, уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Миний олж мэдсэнээр хариуцлагатай алба хашдаг, оршин суух хаяг нь тодорхой тийм хүнийг заавал барьж хорих шаардлагагүй, гадуур шалгаад явах боломжтой юм билээ. Миний нөхрийг гүтгэж л баривчилсан гэж бодож байна.
- Ямар учиртай хаанаас гүтгэлэг явуулж байгаа гэж бодож байна?
-Манай нөхрийг өнгөрсөн гуравдугааар сард ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдсоноос хойш байнга гүтгэж гүжирдсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ удаа барьж хорьсоныг нь ч би үүнтэй холбон ойлгож байгаа. Энэ бол миний нөхрийг албан тушаалаас нь зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг зорилготой ажиллагаа гэж би хардаж байна.
-Өмнө нь бас төрийн нууц задруулсан хэргээр шалгуулж байсан байх аа?
-Миний нөхөр төрийн нууц задалсан гэх хэрэгт өөрөө сайн дураараа албан тушаалаасаа түдгэлзэн шалгуулсан. Шалгаад тэр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тэр өдөр нь л огт өөр запилангийн хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон. Тэгэхээр ямар ч аргаар хамаагүй манай нөхрийг баривчлан хорих зорилго тэдэнд байжээ.
-Одоо бол гадаад иргэн алга болсон хэрэгт танай нөхрийг холбоотой байх гэж байцааж байгаа. Алга болсон гадаад иргэнийг өөрөө таньдаг байсан уу?
-Монголд найман жилийн өмнө буюу 2005 онд гадаадын иргэн алга болсон юм билээ. Түүнд л манай нөхрийг холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Яг тэр цаг үед нь манай нөхөр Москвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан болохоор манайх гэр бүлээрээ тэнд амьдарч байсан. Үүнийг гэрчлэх дөч тавин хүн бий. Би нэрсийг нь мөрдөн байцаагчид нь гаргаж өгсөн.
Төгсч ирэхэд нь ТЕГ-ын дарга ажилд нь авсан тушаал нь энэ байна. Он сар өдөр нь тодорхой байгаа.

Хэрэв энэ хууль бус ажиллагаа үргэлжилсээр байвал би тодорхой баримт мэдээллийг удахгүй нийтэд дэлгэж тавина.
-Тэгэхээр та Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ-ын удирдлага нь энэ хэрэгт анхаарлаа хандуулахгүй бол баримтууд дэлгэнэ гэсэн үг?
-Энэ сарын 17-нд миний нөхрийн цагдан хорих хугацаа дуусна. Тэр үед энэ хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байвал би 18-нд хэвлэлийн хурал хийж зарим нэг баримтыг дэлгэх болно.
Мөн тэрбээр "Миний нөхрийг их хөрөнгө мөнгөтэй, арга зальтай гэсэн гүтгэлгийг зохион байгуулалттайгаар цацаж байгаа. Миний баталж хэлэх юм гэвэл нөхрийн маань шударга зан л зарим хүмүүсийн дургүйг хүргэдэг байж магадгүй. Бидэнд хүнээс илүү гарах их хөрөнгө байхгүй. Жил бүр манай нөхөр Хөрөнгө орлогын мэдүүлгээ Авилгатай тэмцэх газар гаргаж өгдөг. Шалгаж үздэг байлг/й. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн асуудал гарч байгаагүй" гэж хэлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)