
Ямартаа ч Ч.Гансүхийн өмгөөлөгчөөс хэдэн зүйл тодрууллаа.
-Ч.Гансүхийн хэрэг дээр яг хэдэн өмгөөлөгч ажиллаж байгаа вэ?
- Ц.Гансүх, А.Ундрах, П.Сарантуяа гэсэн гурван өмгөөлөгч ажиллаж байна. Бид гурав нэгдүгээр сарын 25-наас өнөөдрийг хүртэл яг найман сар өмгөөлж байгаа. Мөн хоёр хүүхдийнх нь хэрэг дээр ч өмгөөлөл хийж байна. Энэ найман сарын хугацаанд бид мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг хадгалах гэдэг утгаар тэвчээртэй хүлээлээ. Ч.Гансүхэд холбогдох 20130100245 тоот хэргийн талаар бид өнөөдөр мэдээлэл хийхээр ирлээ.
Анх сонин хэвлэлээр Ч.Гансүх гэдэг хүнийг улсын төсвөөс 17 тэрбум төгрөг учруулсан. Мөн нууц амраг буюу хамт ажилладаг эмэгтэйнхээ дансанд 5 тэрбум төгрөг байршуулсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ бүх мэдээллүүд ор үндэслэлгүй худал байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Яг ямар үндэслэлээр ор үндэслэлгүй гэж байгаа вэ. Уг нь тухайн үед энэ хэргийн талаар АТГ-аас мэдээлж байсан?
-Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаах ажиллагаа 8 сар явагдаад байна. Тэгвэл энэ хугацаанд Ч.Гансүх гэдэг хүн 17 тэрбум төгрөгийг ямар нэг байдлаар өөрийнхөө болон хүүхдийнхээ дансанд хийсэн нь тогтоогдоогүй. Мөн бусдын дансанд 5 тэрбум төгрөг байршуулсан зүйл тогтоогдоогүй. Түүнчлэн бусдаас их хэмжээний авлигал авсан гэсэн зүйл анхнаасаа яригдсан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бусдаас нэг ч төгрөгний авлига авсан гэдэг нь тогтоогдоогүй байна.
-АТГ-аас энэ талаар мэдээлсэн. Тэгэхээр та нар нотлогдоогүй мэдээлэл өгсөн гээд байгаа АТГ-таа хандсан уу?
-Бид хандсан. Гэхдээ хэн нь ийм мэдээлэл тараасан нь тодорхойгүй байгаа. Гэхдээ бид гэм буруутай, буруугүй гэж ярьж болохгүй. Шүүх эцэслэн тогтооно.
-Та нарын хувьд нотлох баримтуудыг олж чадсан уу?
-Бид энэ хүнийг буруугүй байх тал дээр нотлох баримт цуглуулж ажиллаж байгаа. Мөн үйлчлүүлэгчийнхээ цагдан хорионы тал дээр батлан даалтад гаргахын тулд хүсэлтүүдийг хүргүүлсэн. Энэ хугацаанд бидний хийж амжуулсан зүйл гэхээр тодорхой хэмжээний нотлох баримтуудыг цуглуулаад мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараагаар бид нар хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцах эрхтэй. Ямарч байсан гурван хуудас хэргийн материалтай танилцсан байгаа. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаанд бид үйлчлүүлэгчээ байцаалт өгөхөд нь хамт байлцаж байгаа. Мөн өөрийг нь буруугүй талаас нотлох баримтуудыг бүхэлд нь цуглуулж оролцож байна.
-Тэгэхээр Ч.Гансүхийг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм?
-Нийтдээ 17 хавтаст хэрэг байгаагаас 3 хавтаст хэргийн нягталж үзсэн. Үндэслэлүүдийг өнөөдөр энд хэлж болохгүй.
-Чингэлтэй дүүрэг дээр хэдхэн хоногийн өмнө шүүх хурал болсон байх. Хэргийн явц юу болж байна?
-Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн шүүхээр энэ хэрэг шийдэгдэхээр болсон.Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ хэрэг дээр дахин тодруулах зүйл байгаа гэж үзээд мөрдөн байцаалтын шат руу буцаасан. Үүнд Прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүх дээр энэ захирамж үндэслэлтэй үгүй шийдвэрлүүлсэн. Магадлал дээр энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд байдаг сэжигтэн, яллагдагчийн гэм буруугүй нь нотлогдох байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй гэсэн үндсэн дээр буцаасан байгаа.
-Ч.Гансүхийн нэг хүүхдийг л шалгаж байгаа гэж мэдэх юм байна. Тэгвэл та дээр хоёр хүүхдийг нь шалгаж байгаа гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Хоёр хүүхдэд нь эрүүгийн хэрэг үүссэн. Нэг хүүхдийг нь энэ оны нэгдүгээр сарын 25-нд сэжигтнээр татаж 14 хоног цагдан хориод гаргасан. Хоёр дахийг нь цагдан хориогүй.
-Ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол?
-Гурав дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй.
-Ч.Гансүхийн биеийн байдал хэр байгаа вэ?
Ч.Гансүх гэдэг хүн өдгөө 56 настай. Хоригдоод найман сар болж байна. Энэ хүний эрүүл мэндийн тухайд сахарын өвчнөөр хоёрдугаар үед орсон. Мөн даралт ихсэх, артерийн өвчний хоёрдугаар үед орсон төдийгүй бие нь хатгиших хэлбэрт орсон байгаа. Бид мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхэд энэ хүний таслан сэргийлэх ажиллагааг өөрчилж батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг сар бүр тавьж байгаа. Мөн Ч.Гансүх гэдэг хүнийг анх Төваймгийн цагдан хорих төвд, дараа нь Дархан-Уул аймгийн цагдан хорих төвд, Үүнээс Зүүнхараа хотын цагдан хорих төврүү шилжүүлж саяхан энэ хэргийг авсан шүүгч Улаанбаатар хотын 461 дүгээр ангид шилжүүлсэн. Тиймээс бид ХЭҮО-т хандсан. Учир энэ хүнийг дөрвөн газар шилжүүлэн цагдан хорьсон нь хүний эрхийг зөрчиж байна уу гэсэн санал асуулга явуулсан. Тэгвэл ХЭҮК-оос бидэнд дүгнэлт гаргаж өгсөн.
-Ямар дүгнэлт?
-Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүнийг цагдан хорихдоо оршин суугаа хаягт нь хамгийн ойрхон газар хорих ёстой гэсэн олон улсын жишиг байдаг. Гэтэл энэ хүнийг дөрвөн газар шилжүүлсэн нь энэ өөрөө хүнийг эрүүдэн шүүх нэг хэлбэр мөн гэдгийг ХЭҮК-оос гаргаж өгсөн.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)