
- Танай компанийг тендерт оролцолгүйгээр хогны уут үйлдвэрлэх эрхийг авсан гэж ярьж байгаа. Энэ үнэн үү?
- Тендер зарлаагүй тухайд бид биш хариуцсан газар нь хариулт өгөх байх. Энэ ажил дээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан багагүй хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр дээрхи 2 компанийг сонгосон болов уу. Ерөнхийлөгч маань “Дотоодоосоо авах боломжтой ажил үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгчдээсээ авч, үнэхээр боломжгүйг нь гаднаас авч байх”-ыг хүртэл уриалсан шүү дээ. Манай үйлдвэр анх 2005 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Хүнсний нийлэг уут, сав, баглаа боодол хийхээс гадна олон төрлийн ахуйн хэрэглээний нийлэг уутыг ч үйлдвэрлэдэг. Хог хаягдлын уут үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх ажлын тухайд бол бид дөрвөн жилийн өмнөөс судалгаа хийж үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд бид ахуйн хог хаягдал хийж хаях зориулалттай том жижиг хар өнгийн уут, эмнэлэгийн тусгай хог хаягдал хийдэг улаан шар хар өнгийн уут зэргийг үйлдвэрлэн харилцагчиддаа нийлүүлэх болсон доо. Гялгар уут гэлтгүй бүх төрлийн баглаа боодол хэрэглэгчид очоод хэрэглээнд орсны дараа ихэнхдээ хог болдог зүйл. Гялгар уутыг байгаль орчинд хор учруулдаг гэж хүмүүс их шүүмжилдэг. Мэдээж ил задгайгаар нь хаявал үнэхээр байгальд хор учруулах нь үнэн. Гэхдээ бид хог хаягдлаа байгальд ил задгайгаар нь хаях ёсгүй шүү дээ. Одоо бид орон сууцны айлууддаа зориулаад арай жижиг хэмжээтэй уутыг үйлдвэрлэн нийлүүлэх бодолтой байна. Хэрэглэгчдээс ч уутны хэмжээг багасгаж өгөхийг хүссэн хүсэлт их ирж байгаа л даа.
- УИХ-ын дарга З.Энхболд энэ уутыг үйлдвэрлэж буй компаниудад шалгалт оруулна гэсэн байсан. Энэ талаар таны бодол…?
- Бид стандартын шаардлага болон эрүүл ахуйн шаардлага хангасан уут үйлдвэрлэн нийлүүлж байгаа. Шалгалтаас айж эмээгээд байх юм алга. Хэзээ ч ирээд шалгаж болно. Бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ л гүйцэтгэж байна. Одоо ард иргэд маань хэрэглээгээ зөв болгоод хог хаягдлаа зориулалтын уут саванд нь хийгээд зориулалтын хог хаях цэгүүдэд хаяж хэвшчих л хэрэгтэй байна.
- “Азийн Цагаан Дагина” хогны уутыг үйлдвэрлэхдээ гадны улсуудаас туршлага судалж, судалгаа хийж үзсэн үү? Жишээ нь Японд хогны гурван төрлийн уут байдаг?
- Миний хувьд гадны улс оронд очихоороо хогийн сав, хогны уут, хогийг хэрхэн хаяж байгаа зэргийг ажиглаж судлаад л явдаг. Ингээд явахад бүх л улсууд хог хаягдлаа нийлэг буюу гялгар уутанд хийж хаядаг юм байна лээ.
- Хогны уут айлуудад үнэгүй тарааснаас үнэхээр сайн үр дүн гарна гэдэгт та итгэлтэй байна уу?
- Гэр хорооллын айлууд сар бүр хогны мөнгө гэж 2500 төгрөг төлдөг. Харин орон сууцны айлууд 3000-5000 төгрөг төлдөг байх. Одоо энэ уутанд хогоо хийдэг болсноор таны хогонд төлдөг мөнгөнөөс 1425 нь энэ уутанд шингэчихэж байгаа юм. Үлдсэн мөнгө нь үнс, нурам ачихад зарцуулагдддаг байх. Гадны орнууд хогны мөнгө гэж төлөх биш зориулалтын хог хаягдлын уутаа худалдаад авчдаг юм билээ.
- Нийслэлийн төсвөөс орж ирж буй эхний санхүүжилт гурван тэрбум гэсэн. Та бүхэн энэ мөнгөө авсан уу?
- Хүмүүс гурван тэрбум төгрөг гээд л шуугиад байна. Бид уутаа үйлдвэрлэж нийлүүлээд гүйцэтгэлээрээ авч байгаа. Түүнээс биш энэ ажил хэрэгжиж эхлээд л шууд “май” гээд өгсөн нэг ч төгрөг байхгүй ээ. Анх бид Нийслэлийн ЗАА-тай гэрээ байгуулахад валютын ханш ямар байлаа…одоо хэд болоод байгаа билээ. Бид бүх түүхий эдээ гаднаас импортоор авдаг. Гэтэл 95 төгрөг гээд төсөвт суулгасан болохоор одоо үнийн өөрчлөлт хийх боломжгүй. Захиалагч талаас “Уучлаарай та бүхэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой” гэсэн шаардлагыг тавьж байгаа. Бид ч хугацаандаа амжуулж уутаа үйдвэрлэх гээд зүтгэж байна. Бид уутаа үйлдвэрлэж чадахгүй бол мөнгө авахгүй. Хэрвээ уут үйлдвэрлэж байгаа 2 үйлдвэр нөгөө яригдаад байгаа 3 тэрбум төгрөгийг бэлнээр нь аваад тэрүүгээрээ түүхий эдээ бэлдэж байгаад уутаа үйлдвэрлэж эхэлсэн бол валют өсөх зэрэг хамаагүй байхсан . Гэтэл тийм биш шүү дээ. Бид өөрсдийнхөө нөөц бололцоон дээр тулгуурлаад түүхий эдээ оруулж ирж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж нийлүүлчихээд л гүйцэтгэлээрээ мөнгөө авч байгаа. Энийг ард иргэд төдийгүй хэвлэл мэдээллийнхэн маань ялгаж салгаж зөвөөр ойлгоно гэж найдаж байна.
- Нимгэн уут гэж хүмүүс шүүмжилж байна. Зузаан болгож болох уу?
- Зузаан болгож болно, болгож ч байгаа. Гэхдээ гялгар уут нимгэн суналт сайтай байх тусмаа даац сайн байдаг онцлогтой. Гэтэл ард иргэдэд энэ талын мэдээлэл хомс байгаа болохоор зузаан байх тусмаа сайн гэж ойлгоод байдаг л даа. Жишээ нь энэ Германд хэрэглэдэг хогны уут байна. Амсрыг нь татаад уяж болох зориулалттай хийгдсэн байгаа. Энэ уут гэхэд л маш нимгэн, зөөлөн, суналт сайтай байгаа биз ? Бид ногоон уутыг амсрыг нь уяж боох зориулалттай хийж болно. Гэхдээ ингэж хийхийн тулд зориулалтын тоног төхөөрөмж нь гэхэд л бараг хагас тэрбум төгрөг болно. Хэн нэг нь муулж шүүмжилсээр байгаад хэзээ ч зогсож мэдэх ажилд тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж зүрхлэх компани лав олдохгүй нь ойлгомжтой . Бид гэрээний дагуу ажлаа хийгээд явж байгаа. Нийслэл замаа сайхан засч байна… одоо хогоо цэгцтэй хаяад хэвшчихвэл бас нэг соёл юм даа.
- Гялгар уут нь байгальд хор хөнөөлтэй гэдгэг утгаар нь хүмүүс эмзэгээр хүлээж авч байгаа? Байгальд ээлтэй гэж зарласаны учрыг тайлбарлавал?
- Тэгэхээр хүн байгаа цагт хог хаягдал гарч таарна. Хог хаягдал гарч байгаа цагт хаана хэрхэн хаях уу, хогийн саванд хаях ёстой юм уу, зориулалтын уутанд хийх юм уу, ангилан ялгаж хаях уу гэх мэт олон асуудал гарч ирнэ. Мөн ангилсан хог хаягдлаа хэрхэн ялгаж дахин боловсруулах, хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгох ёстой юм. Байгальд хор хөнөөл болох хог хаягдлыг ангилан ялгаж бүтээгдэхүүн болгох асуудлыг илүү хөндөж ярих нь чухал болсон цаг ирээд байна. Зориулалтын уутанд хийж хаяад хэвшчихвэл орчин тойрон хоггүй болж,тэр утгаараа байгаль орчинд ч ээлтэй болно шүү дээ.
- Нийлэг материалаас өөр сонголт байхгүй юу?
- Манай салбар компани мөн цаасан уут ч үйлдвэрлэдэг. Цаасан уут маш өртөг ихтэй. Тэгээд ч цаасыг гаргаж авдаг гол түүхий эд нь мод болохоор байгаль орчноо хамгаалах гээд ярьвал харин ч сөрөг үр дагавар ихтэй нь тодорхой. Дэлхий нийтэд хог хаягдлаа гялгар уутнаас өөр төрлийн уут саванд хийж хаях шинэ хэрэглээ одоохондоо гараагүй байна. “Азийн Цагаан Дагина” хогны уут нэг ширхэг нь 95 төгрөгийн үнэтэй гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Харин ийм хэмжээтэй цаасан уут 1000 хол давсан үнээр гарна. Тэгэхээр ийм ухаалаг бус хэрэглээ манайд битгий хэл дэлхий нийтэд алга байна. Хог хаягдлыг хамгийн өртөг багатай уутанд л хийж хаяад түүнийгээ дахин боловсруулах хэрэгтэй шүү дээ.
- Хогоо гаргаад хаяхад хог ухдаг хүмүүс ирээд уутыг задлаад замбараагүй болгож орхидог. Тэгэхээр шил, лааз хийдэг уутыг нь тусдаа тэмдэглээтэй үйлдвэрлэж болохгүй юу?
- Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 23 жил болж байна. Тэгтэл зах зээлд шилжээд 200 гаран жил болсон улс орны хүмүүсийн хэрэглээний соёлтой харьцуулахад хэцүү л дээ . Гэхдээ бид соёлтой хэрэглээтэй болж сурч байна. Тиймээс хамгийн эхэнд хог хаягдлыг зориулалтын уутанд нь хийгээд хаях ёстой юм байна. Үүний дараа хог хаягдлыг ангилах ёстой. Ингэснээр дахин боловсруулах боломжтой цаас, мод, пластик, төмрийг нэг уутанд хийнэ. Харин ахуйн хог хаягдлыг өөр өнгийн уутанд хийх ёстой. Энэ бол цаашид хэрэгжээд явах ажил болов уу. Энэ хогны уутанд сэтгэл хангалуун бус хүмүүс байгаа. Мөн дэмжиж байгаа хүмүүс ч их байгаа. Хогны уут хэрэггүй гэж хэлж буй хүмүүсийг хогоо ил задгай хаядаг нөхөд байх л гэж би ойлгож байгаа.
- Өдөртөө хэдэн уут үйлдвэрлэж байна вэ?
- Одоогийн байдлаар 4 машинаар өдөртөө 300 гаруй мянган уут гаргах хүчин чадалтай. Сардаа 9 сая уут гаргах хүчин чадалтай бөгөөд шаардлагатай бол хүчин чадлаа нэмэх бүрэн боломжтой. Тэгэхээр Монголдоо хог хаягдлын уутыг үйлдвэрлэх бүрэн чадалтай гэсэн үг юм. Дэлгүүрүүдэд Герман Хятад болон өөр бусад орнуудаас оруулж ирсэн хогийн уут зарж байдаг. Гэхдээ тэр уутыг өндөр үнэтэйгээр авах хүмүүс хэр байгаа билээ. Бид Монголдоо хийж чадах зүйлээ гаднаас авч дэмий мөнгө зарахгүй байх хэрэгтэй юм.
- Эрүүл ахуйн хувьд ямар нэгэн хор хөнөөлгүй гэдэгт та бүхэн баталгаа өгнө биз дээ?
- Гялгар уутны үндсэн түүхий эд бол полиэтилен. Манай түүхий эд хил гаалиар БОНХЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу орж ирдэг. Хилээр орж ирэх болгондоо Гаалийн төв лабораторид түүхий эдийн шинжилгээ өгнө. “Энэ түүхий эд бол дэлхийн стандартад нийцсэн цэвэр түүхий эд, полиэтилен мөн байна” гэсэн дүгнэлт гардаг. Тэгээд түүнийгээ боловсруулаад бүтээгдэхүүнээ хийнэ. Үүний дараа бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид шалгуулдаг. Энэ бүхний дараа хор аюулгүй нь тодорхой болдог.
- Түүхий эдээ танайх хаанаас авдаг вэ?
- Хятад, Солонгосоос авч байгаа. Оросоос авах боломжтой ч бидэнд хүндрэл маш ихтэй дээр нь үнэ өндөр байдаг. Солонгос үнэ нь арай боломжийн байна. Нефть ихтэй болон химийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад гялгар уутны түүхий эдийг хийдэг. Түүнээс биш захын орон хийдэггүй. Зарим хүмүүс гадуур байгаа хаягдлаар гялгар уут хийдэг юм шиг ойлголттой байдаг. Тийм биш шүү дээ. Полиэтилен гэдэг түүхий эдээр л хийдэг юм. Энэ төрлийн түүхий эдээр дуслын тарианы уут, хүүхдийн угж гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг хийнэ. Полимэр дотроо маш олон төрөл байдаг.
- Байгальд хаягдсан гялгар уутыг дахин боловсруулах технологи нь Монголд хэр байдаг юм бол?
- Гялгар уутыг 100% дахин боловсруулах боломжтой. Гэхдээ ингэж дахин боловсруулалтанд орсон түүхий эдээр хүнсний хэрэглээнд хэрэглэх уут сав баглаа боодол хийх боломжгүй. Манайд хэд хэдэн компани гялгар уутыг дахин боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Дарханы компани гэхэд л гялгар уутыг хайлуулж хэвэнд цутгаад хайс, хашаа, гудамжны сандал, траншейны таг гэх мэт бүтээгдэхүүнийг хийж байна. Манай ажлын гадаа ч гялгар уутыг дахин боловсруулаад хийсэн сандал байгаа. Ногоон уут ч гэсэн дахин боловсруулагдаж эхлээд байгаа.
- Үнс хийж хаяж болохгүй сул талтай юм байна лээ?
- Энэ уут үнс хийх зориулалтгүй шүү дээ. Ахуйн хог хаягдал л хийж хаях зориулалттай. Цаашид энэ уут маань боловсронгүй болно. Хүн бүрийг зөв хэрэглээтэй болгохоор бүтээгдэхүүнээ нийтэд дэлгэрэнгүй сурталчилахад үнэндээ ганц хоёр компаний хүч хүрэхгүй байх. Бид боломжоороо хичээж байгаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (17)