Тэд бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэгч багш оюутны түр хороог энэ сарын 7-ний өдрөөс байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тэд МУИС-ын удирдлага, БШУЯ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт өргөх бичиг хүргүүлэхээр болсон юм.

Тэд бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэгч багш оюутны түр хороог энэ сарын 7-ний өдрөөс байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тэд МУИС-ын удирдлага, БШУЯ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт өргөх бичиг хүргүүлэхээр болсон юм. Энэ үеэр Сэтгүүлзүйн тэнхимийн багш, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны дарга Б.Болд-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
-Түр хороог чухам ямар учраас байгуулсан бэ?
-Маргааш Дэлхийн хүний эрхийн өдөр. 1989 оны энэ өдөр Монголын ардчилсан холбоо байгуулагдаж байсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй адилаар өнөөдөр МУИС-д "Ардчиллыг сэргээх" түр хороо байгууллагдлаа. Сүүлийн нэг сар МУИС-ийн удирдлага эл сургуулийн дүрэм, Эрдмийн зөвлөлийн эрх ашгаас урваж, өөрсдийнхөө эрх мэдлээр санхүү, эдийн засгийг нэг гарт бариулахын тулд бусармаг тогтоолын төслийг удирдах зөвлөлд оруулсан. Энэ төслийг их сургуулийн жирийн багш бүү хэл Эрдмийн зөвлөлийн гишүүд ч мэдээгүй. Үүний дараа их сургуулийн удирдлагын зүгээс ажлын хэсэг гэх хороог байгуулаад өнөөдрийг хүртэл явуулж байна. Гагцхүү энэ бүхний үр дүнд их сургууль маань үл ойлголцол, багш нар, оюутнуудын хувьд буруу ташаа мэдээлэл, төөрөгдөлтэй болж байна. Мөн манай сургуульд хүн бүхний оролцоо тэгш байх, ардчилалтай байх, аливаа асуудлыг хамт олноороо хэлэлцэх, судалгаатай дүгнэлт гаргах ажлууд хийгдэхгүй байна.
Ер нь их сургуулийн эрдмийн зөвлөл гэдэг бүх сургуулиас төлөөллөөр явуулдаг 81 гишүүнтэй биднийхээр бол парламент юм. Гэтэл энэ парламентэд мэдэгдэлгүй захирал А.Галтбаяр санхүү, эдийн засаг бүгдийг өөртөө төвлөрүүлэхээр зэхэж байна. Бид энэ сарын 12-ны 12.00 цагт МУИС-ын удирдлагын бусармаг үйл ажиллагааны талаар өөрсдийн цуглааныг МУИС-ын нэгдүгээр байрны өмнө хийхээр болсоноо дүүрэгтээ мэдэгчихээд байгаа. Цаашдаа ч энэ асуудлыг нэг тийш болтол жагсаал, цуглааныг хийнэ.
-Та бүхний зүгээс өөрчлөлт шинэчлэлтийг л эрс эсэргүүцээд байгаа гэж ойлгож болох уу?
-Тодорхой хэмжээний өөрчлөлт, шинэчлэлт байх ёстой. Гэхдээ бүтцийн өөрчлөлтөөр бүхнийг өөрчлөх боломжгүй. Энэ өөрчлөлт нь тодорхой судалгаатай, эрх зүй, хүний нөөц, санхүү, эдийн засгийн, суралцагч ба багш нарын хувьд ч ямар нэг байдлаар тэнцүү, ул суурьтай хийгдэх зүйл. Гэтэл энийг удирдлагын зүгээс мугуйдлан 2002 оны дээд боловсролын хуульд заасан цоорхойг ашиглаж захиралд бүх эрх мэдэл байдаг гэдгээр бидний эрх ашгийг хөндөж байна.
МУИС-ийн удирдлагын зүгээс бүтцийн өөрчлөлттэй холбоотой гаргасан аливаа шийдвэр хэзээ, хэнээр, хэрхэн хийгдэх талаар гаргасан ажлын төлөвлөгөө болон ажлын хэсгийн уулзалтын талаарх хурлын тэмдэглэл, түүнд зарцуулж буй хөрөнгө санхүүгийн мэдээлэл нь багш ажилтан, оюутан, бусад талуудад нээлттэй, ил тод байх зарчмаас гажууд хийгдэж байна.Одоо хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтийн давуу болон сул талуудыг шинжлэх ухаан, хүний нөөи, санхүүгийн үр чигийн талаас нь үндэслэл, нотолгоо бүхий танилцуулсан мэдээллийг өнөөг хүртэл /шуугиан гараад 2 cap өнгөрч байхад/ сургууль, хамт олондоо огтхон ч мэдээлсэнгүй, үл тоомсорлож байгаа нь ардчилалын болоод МУИС-ийн үнэт зүйлсийг уландаа гишгэж байна. Удирдах зөвлөл болон ажлын хэсгүүдээс гарч буй хурлын шийдвэрүүд хэрхэн гарсан тухай мэдээлэл бүгдэд хаалттай байгаа юм.
- Бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалтын ажлын хэсгүүдийн дарга, гишүүдийг хэрхэн сонгосон бэ?
-Удирдлагуудын зүгээс олон нийт эл бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн мэтээр харагдуулж байна. Гэтэл тухайн бүтцийн өөрчлөлтийн бүх зүйл тодорхойгүй байгаа. Зөвхөн хэдэн тэнхимийг нийлүүлсэнээр асуудал шийдэгдэх мэт харж байгаа юм. Бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалтын ажлын хэсгүүдийн дарга, гишүүдийг урьдаас үгсэн хуйвалдах замаар шууд томилон эхэлсэн. Бүтцийн болоод МУИС-ийн хөгжлийн асуудалд хамааралтай бүх талуудын оролцоог хангаж, тэдний дуу хоолойг сонсохыг тэд хүсэхгүй байна. Асуудлыг шийдвэрлэх гарцыг нийтээр хэлэлцүүлэн шийдвэрлэх бус нэг, нэгээр нь дуудан сонсгол тавиулж, асуудлыг бүрхэгдүүлж, зөвхөн өөрсдийн хувилбарыг тулган хүлээлгэж байгаа нъ “хамтын удирдлагын тогтолцоо”-г алдагдуулж байна. Энэ яавч “Ухаалаг төр”-ийн оролцоо биш. Тиймээс ч ар, араасаа олон сэжиг бүхий хардлагуудыг дагуулж байна. Хамт олны зүгээс тавьсан шаардлагад хариу огт өгөхгүй, үл ойшоож байна. Ажлын хэсгүүдээс гаргаж буй хуралдааны тэмдэглэлийг нийт хамт олонд ил тодоор мэдээлж, танилцуулахыг хориглосон байна. Энэ нь Ардчиллын тулгуур зарчимд яав ч нийцэхгүй.
-Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдсан. Энэ хурлын үр дүн юу байв?
-Энэ хурлаар дүрмийн бус аргаар, эрдмийн зөвлөлийн их хуралд халдсан асуудлыг нөхөр А.Галтбаяртай холбож асуудлыг шийдүүлэхээр зарлан хуралдуулсан. Энд МУИС-ын нэр бүхийн зөвлөлийн 30-иад гишүүн гарын үсэг цуглуулж хурлыг хийлгэх гэж оролдсон. Гэвч харамсалтайгаар захирал А.Галтбаяр маш зохион байгуулалттайгаар энэ хурлыг хийлгээгүй. Өөрөөр хэлбэл, хурал эхлэсэн ч хэлэлцэх асуудлаа бүү хэл, хурлын даргаа сонгож чадахгүй болтол нь багш нарыг хооронд нь зөрчилдүүлсэн. Уг нь бид энэ хурал дээр яагаад ийм зүйл хийв, юунаас болж ийм байдал хүрэв гэдгийг захиралтайгаа ярилцаж, асуудлыг зөв голчтой гаргахыг хүссэн. Гэтэл манай удирдлага өнөөдрийн хүртэл өөрсдийнхөө хатуу чанга байр суурин дээр байна гэдгээ тус хурал дээр харуулсан. Ингээд ээлжит бус хурлыг ирэх баасан гарагт үргэлжүүлэн хуралдуулахаар шийдвэрлэсэн.
- Эрдмийн зөвлөлийн хурлын өмнөхөн А.Галтбаяр захирал зарим багш, эрхлэгчидтэй ганцаарчлан уулзаж ятгалгын шинжтэй зүйл хийсэн гэж байсан. Энэ үнэн үү?
-Манай удирдлагууд Эрдмийн зөвлөлийн тодорхой гишүүдрүү өөрсдөө утсаар болон бусад хүмүүсээр дамжуулж биднийг дэмжээч гэсэн утгатай санал хүсэлт тавьсаныг дуулсан. Ер нь манай сургууль дээр Сталинч маягийн арга барил өнгөрсөн хоёр сараас эхлээд байгаа. Багш нарыг хагалах, ахмад багш нарыг 60 нас хүрсэн хэмээн тэтгэвэрт шууд гаргах, улмаар 5-6 захирлуудыг ч сольсон. Их л айдастай болсон. Өнөөдөр бид удирдлагынхаа болж бүтэхгүйг ярьлаа гэхэд маргааш ажлаас хална гэж дарамталж байх жишээний. Ажилчнуудыг харин цомхотгохгүй тул чимээгүй байж бай гэсэн.
-Шинээр байгуулагдсан түр хороонд чинь хэчнээн гишүүд байгаа вэ?
-5-6 сургуулийн 30-иад багш нарын төлөөлөл оролцож байгаа. Цаашдаа үүнээс ч олон болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)