
-Өнөөдөр төрийн албан хаагчийн үйлддэг гэмт хэрэг нийгэмд илчлэхгүйгээр, далд байдлаар оршоод байна гэдэгтээ та санал нэгдэж байна уу?
-Төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэг олон байдаг ч энэ хэргийг шалгаад ял шийтгэл оноох нь ховор. Хамгийн наад зах нь төрийн албан хаагчид сонгуулийг будлиантай явуулдаг. Улмаар бүх зүйл ил байхад хариуцлага тооцохгүй өнгөрөөдөг. Нийт ийм гэмт хэрэг үйлдэгдэж байгаагийн таван хувьд нь л хариуцлага тооцож байна гэж хэлж болно.
Төрийн эрхийг хууль бусаар авч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоотой холбоотой. Сонгуулийн хуулиар зарим этгээдэд давуу эрх олгосон байдаг. Тиймээс сонгууль өөрөө шударга бусаар явагддаг. Тухайлбал, би өөрөө өнгөрсөн онд Говь-Алтай аймагт нэр дэвшсэн. Гэтэл надтай Говь-Алтай аймагт нэр дэвшиж байсан Ц.Дашдорж гишүүн сонгуулийн өмнөх хориодхон хоногт аймгийн төвийг хар замаар хуччихсан. Мөн дөрвөн жилийн өмнө бүх хувиараа бизнес эрхлэгчид болоод малчдад мал тараахыг нь тараагаад, сая хүртэлх зээлийг ямар ч хүүгүйгээр олгосон байх жишээтэй. Тэгвэл ийм давуу эрхийг сонгуулийн хуулиар өөрт нь олгочихсон байгаа юм. Ингэж сонгуулийн үйл ажиллагаа шударга бусаар яваад, хууль бусаар төрийн төлөөлөл болоод гарч ирж байгаа энэ хүмүүс өөрсдөө эргээд хууль дүрмийн дагуу ажиллана гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөөн сонгуулийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна. Мөн нэмж жишээ дурдахад, өнгөрсөн онд сонгууль болсон байхад өнөөдөр Говь-алтай аймагт дахин орон нутгийн сонгууль явж байна. Их хурлийн хоёр гишүүний асуудал шийдэгдээгүй байх жишээтэй. Энэ мэтчилэнгээр сонгуулийн хууль тэгш биш, сонгуулийн үеэр санал хураалтанд оролцож байгаа нэр дэвшигчдийн гараа ч тэгш бус байгаа эл нөхцөлд парламентэд гарч ирсэн хүмүүс шударгаар байх нь эргэлзээтэй юм.
-Тэгэхээр төрийн албан хаагч улс төрөөс огт ангид байж чадахгүй байна гэж үү?
-Өнөөдөр хэдийгээр төрийн албаны тухай хуулинд төрийн албан хаагч улс төрөөс ангид байна гэж заасан байгаа боловч үнэн хэрэгтээ төрийн байгууллагуудын удирдлагууд улс төрийн, намуудын томилгооны хүмүүс байдаг. Тэгэхээр ийм тохиолдолд яаж төр улс төрөөс ангид байх юм бэ. Иймээс бид хамгийн эхэнд төрийн байгууллагуудын удирдлагуудыг ангид байлгах ёстой. Ямар нэг байдлаар томилгоогүй байх хэрэгтэй. Аль нам ялна тухайн байгууллагын удирдлагаас эхлээд бүх хүн өөрчлөгдөж байдаг тогтолцоог халмаар байна. Энэ байдлаар төр өөрөө тогтворгүй бол төрийн албаныхан шударга байж чадахгүй. Өөрөөр хэлбэл тухайн намыг дагаж, бялдуучилж гүйснээр гайгүй шиг ажилтай болно гэсэн бодолтой залуучууд байсаар байна.
-Тэгвэл эдгээр хууль бус үйлдлийг хийдэг төрийн албан хаагчдыг шүүж байгаа шүүгч өөрөө шударга байж чадаж байна уу?
-Өнөөдөр зүгээр нэг энгийн иргэний асуудал дээр шүүх, хяналтын хэрхэн ажиллаж байгааг та бүхэн харж байгаа биз. Гэтэл хамгийн их хөөцөлдөж гүйж хэл ам хийсэн, эсвэл тухайн мөрдөн байцаагч, прокурорт нөлөөлж чадсан хүмүүс өөрсдөдөө ашигтай шийдвэрийг гаргадаг. Шүүх, прокурорийн удирдлагууд яг л улс төрийн харьяалалаар томилогддог учир улс төрөөс ангид шударга байж чаддагүй.
Хоёрхон жишээ авахад, Увсын гишүүд өөрсдөө эрүүгийн хариуцлагаас мултарчихаад тэрний доор ажиллаж байсан хүмүүс ял шийтгэл хүлээж байна.Үнэхээр сонгуульд мөнгө тараасан л бол яагаад компанит ажилд ажиллаж байсан хүмүүс шийтгэгдэж байгаа юм бэ?. Уг нь нэр дэвшигчид өөрсдөө ял авах ёстой шүү дээ.
Хоёрдахь жишээ дурдахад, өнөөдөр шүүх иргэний хариуцагчаар хүнийг оруулаагүй хэрнээ тухайн хүнд хамааруулсан шийд гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тухайн иргэний нэр хариуцагчаар байхгүй хэрнээ хөрөнгөрүү шууд халдаж байх жишээтэй. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат н.Энхтайван, н.Хэрлэн гэсэн хоёр шүүгч иргэний хэрэг хууль бусаар шийдсэнээс болж Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраар шалгуулж байгаа. Энэ хэргээс болж нэг хүн биш нэлээн хэдэн хүн хохироод байж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг орон сууцны маргаантай холбоотой учир үүнээс болж иргэд орон сууцныхаа эрхийн бичгийг авч чадахгүй байгаа.
-Та өмнө нь шинжээч нарын дүгнэлт хууль бус гарах тохиолдол гардаг гэж байсан.Үүнийг тодруулаач?
-Гэмтлийн дүгнэлт, авто ослын дүгнэлт хууль бус гарсантай холбоотой асар их хүн хохирдог. Гэтэл шинжээч нартай ямар ч хариуцлага тооцдоггүй. Та нар ч шинжилгээний байгууллагаас буруу дүгнэлт гаргачихаад үүнийхээ хариуд ийм ял хүртэж байсан гэдгийг өнөөдрийг хүртэл сонсож байгаагүй байх. Энэ чинь мөн л төрийн байгууллагын албан хаагчдын үйлддэг гэмт хэргүүдийн нэг. Шүүх шинжилгээний ажилчдыг асар их хэмжээний авлигал авч дүгнэлт гаргадаг гэж сонсож байсан. Эсвэл бусдын нөлөөнд орж дүгнэлтээ гаргадаг.
Тухайлбал, Н.Энхбаяр даргын хэрэг дээр үнэлээчдийн гаргаж байгаа үнэлгээг та нар анзаарсан байх. Төрийн ордоны зүүн талын барилгын газрын хоёр тэрбум төгрөгөөр үнэлж байгаа юм. Тэгсэн хэрнээ хоёр тэрбум төгрөгний хохирлыг Н.Энхбаяр төрд учруулсан гэж хэлсэн. Гэтэл нөгөө газар нь тухайн үед нийслэлийн эзэмшлийн газар байсан. Харин нийслэлийн өмчийн газрыг үнэлээч нь 2 тэрбумаар үнэлчихээд Н.Энхбаярыг төрд хоёр тэрбумын хохирол учруулсан гэж байгаа.
-Н.Энхбаяр даргыг “Улаанбаатар таймс”-ын байрны асуудлаас болж ялласан шүү дээ. Гэтэл тухайн орон сууц ирэх онд хувьчлагдах газруудын тоонд орсон байна. Энэ дээр ямар байр суурьтай байна?
-“Улаанбаатар таймс”-ын хувьчлалд Н.Энхбаяр дарга оролцоогүй. Тухайн “Улаанбаатар таймс” сониныг ажлуулж байсан баг хувьчилж авсан байдаг. Гэтэл тэр хувьчлалыг хүчингүй болгоод дараа нь дахиад өөр багт хувьчилсан. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг шалгагдаад, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин хувьчлал явагдаад өмнөх багаасаа шал өөр багт “Улаанбаатар таймс”-ыг өгчихсөн байгаа. Тодруулбал, менежментийн хувьчлалаар “ТВ5” телевизийн захирал Э.Дагиймаа 60 хувийг нь, ажилтнууд нь 40 хувийг нь авсан байдаг.
-Тэгэхээр хоёр удаа хувьчлал явуулсан гэсэн үг үү?
-Өмнөх багт хувьчлалыг хууль бусаар явуулж өгсөн гэсэн асуудал шийдэгдээгүй байхад дахин хувьчлал явж болохгүй. Гэтэл үүнийг шалгаж байсан мөрдөн байцаагч нь хувьчлал чинь буруу явагдсан байна гэсэн бичиг явуулсан байдаг. Улмаар нийслэлээс өмнөх хувьчлалыг хэрэгсэхгүй болгоод дараа нь өөр багт хувьчилсан нь энэ. Ер нь хувьчлал нэг л удаа явагдах ёстой. Гагцхүү тэр хувьчлал хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг хувьчилж авсан эсвэл хувьчилсан байгууллагын гомдлоор шалгах ёстой. Гэтэл “Улаанбаатар таймс”-ын байрыг өмнө нь хувьчилж авсан болон хувьчлуулсан байгууллагын аль нь ч гомдол гаргаагүй байхад хүчингүй болгосон.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)