Японы “NHK” агентлаг Нанжины алан хядлага газар авч байсныг үгүйсгэсэн мэдээлэл цацсан нь Хятадын ард түмэн төдийгүй Өмнөд Солонгос, Ази Номхон далайн орнуудын дургүйцлийг ихэд төрүүлсэн юм. Токио хотын захирагчийн сонгуульд баруун жигүүрээс нэр дэвшигч Наоки Хякута компанит ажлынхаа үеэр “Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй шүү дээ” гэж хэлсэнийг “Асахи” сонин иш татжээ. Түүгээр ч барахгүй дайнд оролцогч талууд бүгд харгислал үйлдсэн болохоор Япон хүүхдүүдэд ийм зүйл ярих шаардлагагүй гэж хэлсэн юм. Японы ерөнхий сайд Шинзо Абе Япон, Солонгос, Хятадын харилцааг дэлхийн нэгдүгээр дайны үеийн Америк, Германтай адилтгасан учраас Азийн Гитлер гэж нэрлэгдсэн билээ. Тэгвэл Японы удирдагчдын үгүйсгэж буй Нанжины хядлагын гашуун түүхийн баримтыг эргэн сөхье. Эдгээр зургуудийг Япон цэргүүд авч хожим нь Хятадууд сэргээн хуулбарласан юм.
Нанжины хядлага гэж нэрлэгдсэн Японы армийн хүчирхийлэл дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1937 оны 12-р сарын 13-наас эхлээд зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн юм. Тухайн үеийн Хятадын нийслэл Нанжины иргэдийг эмэгтэйчүүд, хүүхэд гэж ялгалгүй үй олноор нь хядсан энэ хэрэг түүхэнд хар толбо болон үлдэж өнөөг хүртэл улс төрийн маргаан дагуулсаар байна.300 мянган хүний амийг авч одсон аллага Нанжин хотыг хар дарсан зүүд мэт болгожээ. Японы цэргүүд архи уун согтож, гудамжаар сэлгүүцэж охид, бүсгүйчүүдийг хүчирхийлж, дээрэм тонуул хийн, хүмүүсийг шатааж хөнөөн дураараа дургиж байв. Японы эзэрхийллийн эхний дөрвөн өдрийн дотор хорин мянган эмэгтэй хүчиндүүлж дийлэнхийг нь зэрэмдэглэн хөнөөжээ.
Эмэгтэйчүүдийг төдийгүй, бага насны охидыг хүчирхийлээд дараа нь зэрлэгээр хөнөөж байжээ. Хохирогчдын цус урсаж, гол мөрөн тэр чигтээ улаан өнгөтэй болсон талаар баримтад дурдсан байдаг. Эрчүүдийг нь олсоор хүлэж буудан хороодог байв.
Эрэгтэй хувцас өмсөж, нүүрэндээ хар хөө түрхэн амьд гарч байсан түүх олон бий. Харилцаа холбооноос бүрэн таслагдсан Нанжин хотын түүхийн хар мөр өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд бат бөх оршсоор. Нанжин хотыг Японы 30-50 мянган цэрэг бүслэж байсан гэж үздэг.
Япон цэргүүд хүмүүсийн орилох өрөвдөлтэй дууг өнөөг хүртэл мартаж чадаагүй.
Сэтгэгдэл (49)