
Тийм иргэдийн нэг болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Х.Буяннэмэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханджээ.
-Та Захиргааны хэргийн шүүхэд ямар асуудлаар хандсан юм бэ?
-Би Говь-Алтай аймгийн хүн. Одоогоос арваад жилийн өмнө хотод орж ирсэн. Хотод ирснийхээ дараа 3-4 жил айлын хашаанд амьдарсан юм. Ажлын маань охин Хужирбуланд гэрийнх нь ойролцоо аятайхан газар байна гэж хэлснээр тэнд 0.5 га газарт хашаа хатгасан. Тэнд нийтэд газар олголт хийж байсан юм л даа. Айлууд очиж буугаад л газрынхаа албанд хандаж байсан. Тухайн үед газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Өлзийхишиг гэдэг хүүхнийг аваачиж үзүүлээд кадастрын зураг хийлгэн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар бүрдүүлж, газар өмчлөлийн маягт бөглөж хүсэлт гаргасан. Гэвч гэрчилгээ нь гараагүй, төдийд өдийд ир гээд хүлээгдээд байсан. Гэтэл тэр газар зохион байгуулагч 2010 онд ажлаасаа гарахдаа манай газарт өөр хүний нэр дээр гэрчилгээ гаргуулсан байсан. Дараа нь газар зохион байгуулагчаар ажилд орсон Оюунбилэг гэж охинтой уулзаад “Манай энэ газарт яагаад өөр хүний нэр дээр гэрчилгээ гаргасан юм бэ” гэсэн чинь “Танай газар дээр чинь давхцал байхгүй, өөрсдөд чинь гэрчилгээ олгож өгнө” гэсэн юм. Тэгээд бүтэхгүй байсаар байгаад газар дээр минь Бадам овогтой Бямбачулуун гэдэг хүний нэрээр бүр өмчлөлийн гэрчилгээ гарсан. Энэ хооронд газар зохион байгуулагч дахиад солигдож, Мөнх-Эрдэнэ гэж залуу болсон. Түүн дээр очтол “Таны хөөцөлдөж байгаа газарт ийм гэрчилгээ гарсан байна” гээд. Газраа алдахгүйн тулд хандаагүй байгууллага, уулзаагүй хүн байхгүй. Тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүддээ хүртэл өргөдөл өгсөн. Газар өмчлөлийн талаар захирамж гаргасан Дүүргийн Засаг даргатай уулзтал Нийслэлийн Засаг дарга дээр ор гэсэн. Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх нь шүүхэд хандахыг зөвлөснөөр Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан юм.
-Та хашаагаа хатгачихаад газрын өргөдлөө өгчихөөд байхад яагаад өөр хүний нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан юм бол?
-Ер нь газар зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон л гэж боддог. Бид “Энэ хүмүүс чинь өдөр болгон л солигдож байдаг юм уу, манай газрыг тодорхойлоод өгөөч” гэхээр гэрчилгээ авсан гэх хүмүүсийн тухайд ерөөсөө кадастрын зураг байхгүй болохоор зүгээр захирамжинд оруулаад л гэрчилгээ гаргасан байдаг. Манай Хужирбуланд асар олон айлын газар дээр ийм асуудал гарсан. Би энэ газраа хөөцөлдөх явцад Хужирбулангийн голдуу уйлсан дуулсан, газраасаа хөөгдсөн, нүүлгүүлсэн, буулгуулсан маш олон хүнтэй таарсан. Газар зохион байгуулагч нь “зарчихаад” өөрөө дүүрэг хэсээд явчихдаг юм шиг л санагдсан.
-Та дүүтэйгээ хамт шүүхэдсэн гэсэн байх аа?
-Тийм ээ, дүү О.Олзбаатарынх манайх хоёр хамар хашаа юм. Манай газрыг “булааж” авсан хүмүүс бидний хоёулангийнх нь хашааг нураасан. Бас хажуу талын 2 айлын газар гээд нийт 4 айлын газрыг авсан байдаг.
-Дүүгийн чинь хашаа бас Бямбачулууны нэр дээр өмчлөл гарсан байсан гэж үү?
-Үгүй ээ, дүүгийн газарт Отгонсүрэн, хойд талын айлын газарт Насанжаргал гэдэг нэрээр гэрчилгээ гарсан. Тэгээд Бямбачулуун, Отгонсүрэн, Насанжаргал нараас Мөнхтайван гэх залуу худалдаад авчихсан байдаг юм. Урд талынх болохоор нэг айл 5 жил амьдарсан газар байсныг хэнээс ч худалдаж аваагүй мөртлөө гэрчилгээ нь Мөнхтайваны өөрийнх нь нэр дээр 2013 онд гарсан байдаг. Мөнхтайван нь нэг төсөл дээр ажилладаг, өөрөө тэнд 8 айлын газартай, мөнгөтэй хүн л дээ.
-Тэр хүнд та нарын хашааг авах ямар шаардлага байсан юм бол?
-Хүмүүс сувилал байгуулах зорилготой гэж л ярьдаг юм байна лээ. Миний ээж 70 гаруй настай, бидэнтэй хамт амьдардаг юм. Ээж “Хүү минь, ийм том газартай байж бидний алга дарам газраар яах нь вэ. Бид хаанаа амьдрах вэ” гэсэн чинь “Манай газар. Бид авсан юм. Нүүлгэж л таараа” гэж хэлсэн гэдэг.
-Та түрүүн хашааг чинь нураасан гэж ярьсан уу?
-Тийм ээ, нэг өдөр модон хашааг маань хүмүүс авчраад хэмхчиж буулгасан. Нөхөр бид 2 ажилдаа явсан байсан. Ээж, бас дөнгөж төрчихсөн нярай хүүхэдтэй охин минь гэрт байсан юм. Охин сандарч утасдаад, настай ээжийн минь даралт хөдлөөд хэцүү юм болсон. Ээж маань хотод орж ирээд 3-4 жил л болж байсан. Гэртээ байхад нь хашааг нь хэмхчээд эхлэхээр өндөр настай хүн айж цочилгүй ч яах вэ дээ. Угаасаа зүрх муутай, дээр нь даралт нь ихсээд, маргааш нь түргэн дуудаад хүнд байсан. Одоо ч тэр үеэ санахаар их хямардаг юм. Би хүнсний технологич мэргэжилтэй, нэг компанид ажилладаг, нөхөр маань жолооч. Цалингаас цалингийн хооронд л амьдардаг хүмүүс. Өөрсдийнхөө хэмжээнд багагүй мөнгө зараад хоёр өрөөтэй жижигхэн тоосгон байшин барьсан байсан. Нэг залуу бүр “Танай энэ хашааг чинь бульдозероор түрнэ, манайх газраа авбал танай энэ байшин чинь манайх шүү” гэж доромжилсон. Тэгээд модон хашааг буулгаад оронд нь блокон хашаа өрсөн.
-Хашааг чинь буулгачихаар та нар хаана хандсан бэ?
-Бид Захиргааны хэргийн шүүхэд хандчихсан байхад ийм явдал болсон. Хэргийг хянаж байсан шүүгч Э.Лхагвасүрэнд манай хашааг буулгаж байгаа талаар мэдэгдсэн. Шүүгч хэрэг үүсгэх явцад тухайн газартай холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахыг зогсоодог юм билээ. Үүний дагуу шүүхээс захирамж гарсныг тэр хүмүүст өгсөн ч хэд хоногийн турш блокоо өрсөн. Газар зохион байгуулагч Мөнх-Эрдэнэ очоод “Та нар айлын газрыг ингэж болохгүй” гэсэн чинь өөдөөс нь доромжлоод машин руугаа аваад орсон. Мөнх-Эрдэнэ гэдэг тэр залуу жирийн иргэд бидний талд ажилласан, шударга хүн гэж байдаг л юм билээ.
-Та нар ингэж маргаж байхаар өөр газар авчихъя гэж бодсон удаа бий юу?
-Энэ маргаан гарахад манайх тэр газарт 3-4 жил болоод бүрэн төвхнөсөн байсан. Нэг жижиг байшинтай, хоёр гэр барьсан. Хашаандаа өөрийнхөө хэмжээнд таарсан жаахан ногоо тарьчихдаг. Бид амьдарч байгаа газрынхаа төлөө явахаас өөр гарц байгаагүй. Бүгдээрээ шийддэг газарт нь хандъя, гэр орноо буулгуулаад хашаа саваа эвдүүлээд байлтай биш гээд л зүтгэсэн дээ.
-Ингэхэд хөрш хоёр айл чинь газрынхаа асуудлаар шүүхэд хандсан уу?
-Хөрш хоёр айл маань саяхан л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манайх шүүхэд хандсаныхаа дараа яаж ч шийдэгдээ билээ гэж бодоод энэ талаар тодорхой яриагүй байсан. Харин одоо тэдэнд итгэл төрж шүүхэд хандаад байгаа.
-Маргааны нөгөө тал чинь та нартай тохиролцъё гэсэн санал тавиагүй юу?
-Сүүлдээ хоёр, гурван жилийн турш зараач, тохиролцъё гэж гуйсан. Бид газраа зарахгүй, хаана амьдрах вэ гэж л хариу өгсөн.
-Та түрүүн “Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх шүүхэд ханд” гэсэн талаар ярьсан. Захирамж нь буруу гарсан байлаа ч Засаг даргад засах эрх байгаагүй гэсэн үг үү?
-Тийм засах эрхгүй л байдаг юм шиг билээ. Хуулийн зөвлөх нь “Захиргааны хэргийн шүүхэд ханд, уг нь танай талд асуудал шийдэгдэх юм байна” гэсэн. Захирамжийг шүүх л хүчингүй болгохоос биш, Засаг дарга өөрөө өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй гэсэн юм шиг байна лээ.
-Шүүхэд хандахдаа ялна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2012 оны 8 дугаар сард өргөдөл гаргасан. Яг үнэндээ итгэл муутай байсан. “Мөнгөтэй нь дийлдэг цагт та нар юу юм” гэж хашаа буулгасан хүмүүс хэлсэн болохоор ч тэр үү янз бүрийн л юм бодогдож байсан. Ямар ч байсан нэхэмжлэлээ гаргаад гар дээр байгаа материалуудаа өгсөн.Ер нь голдуу шүүгчийн туслах Мөнхдаваа гэдэг залуутай л уулзаж материал бүрдүүлж өгч байсан. Хааяа нэг ирж уулзахад асууж лавлаж их эелдэг харилцаж байсан. Ядарч яваа хүнд сайхан харилцаа ч итгэл төрүүлдэг юм билээ. Анхан шатны шүүх хуралдаан бололгүй хэд хэдэн удаа хойшилж 2013 оны 1 дүгээр сард л шийдэгдсэн.
-Хурал яагаад хойшлоод байсан юм бэ. Танд тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Нөгөө тал нь баримтаа гаргаж өгөхгүй, заримдаа шүүх хуралдаан хойшлуулъя гэсэн хүсэлт тавиад байсан учраас их удсан. Тухайн үедээ ч шүүхэд ялна гэж худлаа юм байна, нөгөө мөнгөтэй хүмүүс нь очоод шүүгч нартай ярьчихдаг юм байлгүй гээд би ч, манай нөхөр ч, манай дүү ч итгэл муутай байсан.
-Шүүхэд итгэх итгэл танд хэдийнээс төрж эхэлсэн бэ?
-Ерөөсөө эхний шатны шүүх хурлын дараа итгэл төрж эхэлсэн. Шийдвэр гарсны дараа л ард түмнийхээ, иргэдийнхээ төлөө явдаг шударга шүүх гэж байдаг юм байна гэж баярласан. Гэхдээ бас дараагийн шатны шүүхүүд яах ч юм билээ гэсэн эргэлзээ байсан. Баримтад тулгуурлаж шийдсэн юм чинь бид дахиад л ялах байх гэж бодож байсан ч нөгөө тал маань нөлөө бүхий мөнгөтэй хүн учраас айдас байсныг нуухгүй. Бүх шатны шүүхийн шийдвэр манай талд гарснаар сэтгэл амарсан. Сүүлдээ нойр ч хүрэхээ больсон байсан шүү. Шүүхийн шийдвэр яаж гарах бол, хашаагаа хураалгачихвал арав гаруй ам бүл минь хаана очих билээ гээд байнга л шаналгаатай. Нөгөө тал маань нэг хэсэг манай хашаанд гэр бариад ажилчдаа байлгасан. Тэр үеэр бүр ч хэцүү байсан.
-Хашаанд чинь бүр өөр хүмүүсийг амьдруулсан юм уу. Та тэгээд цагдаад хандаж болоогүй юу?
-Тийм ээ, “манай хашаа” гээд дотор нь гэр барьж, ажилчдаа нэг сар хэртэй байлгасан. Архи дарс уусан янз бүрийн хүмүүс хашаанд байхаар нялх нойтон хүүхэдтэй, настай хүнтэй манайх шиг айлд бол хэцүү юм билээ. Цонхоор хараад л “Нөгөөдүүл чинь ирж байна, явж байна” гээд айж ичихээс өгсүүлээд асуудал гарна. Тэгж байгаад тэр ажилчид нь гэрээ хаячихаад явсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа л гэрээ нэг юм авсан даа. Цагдаа энэ тэрд хандаагүй ээ, шүүх л нэг тийш нь шийдэх байх гэж итгэж хүлээсэн.
-Захиргааны хэргийн шүүхийн мэргэн шийдвэрийн ачаар танай асуудал шийдэгджээ. Та ингэхэд шүүгчдээ баярлалаа гэж хэлсэн үү?
-Хэлж амжаагүй. Энэ ярилцлагаар далимдуулаад Э.Лхагвасүрэн шүүгчид баярлалаа гэж хэлье. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Б.Хажидмаа, Д.Зоригтбаатар шүүгч нарт ч бас талархсанаа илэрхийлмээр байна.
-Давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд ямар шүүгчид орсныг та мэдэж байна уу?
-Нэрийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд орсон бүх шүүгчдэд, Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд баярлалаа. Иргэд бид шүүхээр явдаггүй, хэл ам хийх хэцүү, бас цаг хугацаа алдана гэдэг үүднээс өөрийн эрх ашигтай холбоотой зарим зүйлийг орхигдуулдаг тал байдаг. Захиргааны хэргийн шүүх үнэхээр ард түмнийхээ эрх ашгийг хамгаалдаг юм байна гэдгийг биеэр үзлээ.