Өнгөрсөн оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон. Тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр баталсан юм. Тиймээс Д.Энхээ нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ.
Уг гомдлыг яг одоо Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцэж байна. Хуралд шүүгчээр Б.Бат-Эрдэнэ оролцож байгаа юм. Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн тухай тусгай хуулийн 99.1, 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2, 112.2.3, 112.2.4, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, гэсэн 18 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, цаазын ял оноосон билээ.
Хэргийг сануулбал, Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээжээ. Хэргийн газар хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход Д.Энхээ нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байдалтай байсан аж. Түүнчлэн эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байна. Улмаар цагдаа нараас машин, сумтай буу шаарджээ. Түүний үйлдлийг зогсоохоор Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид шуурхай ажиллан, барьцаалагдсан хүмүүсийг сулласан юм. Харин тэрээр мөрдөн байцаалтын явцад “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж, эхнэртэйгээ муудалцаад байсан. Эхнэр хүүхэд дагуулаад хадмынд очсон. Тэгээд эхнэртэйгээ уулзахаар хадмынд очсон боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг үйлдсэн” гэж мэдүүлж байсан юм.
Б.Чимэг