Татвараас санаатайтайгаар бултаж, улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр гаргасан “Саусгоби сэндс” ХХК-ийн гомдлыг өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцсэн. Шүүх хурлаар тус компанийн гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж хохирлоо барагдуулах анхан шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан билээ.
35 тэрбумаа төлөхгүй гэсэн “Саусгоби сэндс” компанийн гомдлыг ийнхүү үндэслэлгүй хэмээн үзэж, мөнгийг тус компанис гаргуулахаар болсон юм. Гэвч давж заалдах шүүхийн шийдвэр гарснаас нэг хоногийн дараа буюу өнөөдөр “Саусгоби ресурс” компани албан ёсны мэдэгдэл хийлээ.
Тэд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хоёрдахиа давж заалдах буюу Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах тухайгаа мэдээлжээ. Энэ тухай www.bloomberg.com сайтад бичсэнээр “Саусгоби ресурс” компани “шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хоёр дахь удаагаа давж заалдах боломжийг оролцуулаад өөрсдийн байр сууриа хамгаалахад хууль ёсны бүхий л арга хэрэгслийг ашиглана” хэмээн мэдэгдсэн байна.
Ванкоуверт төвтэй компанийн дахин давж заалдах тухай албан ёсны мэдээлэл цацагдсаны дараа Хонконгийн бирж дээрх хувьцааны үнэ 2.2 хувиар унасан байна.
Анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдсон Жастин Капла нарын гадаадын гурван ажилтанд 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргаад байсан. Гэвч тэдгээр иргэдэд Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Хэргийн аль нэг оролцогч анхан шатны шүүхийн тогтоол шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүйд тооцдог. Гэм буруугийн асуудлаар маргаж буй зарим тохиолдолд давж заалдах шатанд холбогдогчдыг оролцуулж шийдвэрлэдэг ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлах үзүүлэх эрхээ хэтрүүлж Жастин Капла нарыг ялаас чөлөөлсөн юм. Ийм онцгой тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Жастин Капла, Хилариан Кажуком нарыг татвараас зайлсхийсэн хэргийн зохион байгуулагчаар, Кристобал Дэвидийг гүйцэтгэгчээр оролцсон буруутайд тооцсон тогтоолыг хэвээр баталсан юм.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (6)