АНУ Иракын Тикрит хотод “Исламын улс”-тай тэмцэх агаарын дайралтуудаа эхлүүлжээ. Энэхүү цэргийн ажиллагааг Иракын ерөнхий сайд Хайдер ал-Абадигийн хүсэлтээр хийж байгаа юм.
АНУ-ын Дэслэгч генерал Жэймс Терригийн мэдээлснээр агаарын дайралтуудаар “Исламын улс” бүлэглэлийн түшиц баазуудыг устгахыг зорьж байгаа аж. Ингэснээр Тикрит хотын дэд бүтцэд учруулах хор хохирлын хэмжээ багасна хэмээн үзэж байна.
Барак Обама “Исламын улс”-тай тэмцэх олон улсын нийгэмлэг байгуулсан хэдий ч ерөнхий сайд Хайдер ал-Абадиг хүсэлт тавихаас өмнө Тикрит хотод ямар нэгэн ажиллагаа явуулахгүй байсан юм.
Иракын эрх баригчид нэгэн цагт хяналтандаа байлгаж байсаэн Тикрит хотоо хэт даврагсдын гараас авч, террористуудыг хөөн зайлуулахыг хүсч байгаа юм. Багдадаас хойд зүгт 160 км-т орших Тикритийг эргүүлэн авах ажиллагаа энэ сарын эхээр 20 мянган цэргийн хүчтэй эхэлсэн юм. Ажиллагааг эхлүүлснээс хойш Тигрис голын хөвөөнд орших тосгодыг эргүүлэн авснаас гадна Тикрит хотын хойд, өмнөд хэсгийн хоёр дүүргийг эзлэн авсан амжилттай байлаа. Гэвч өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Исламын улсын дайралт ширүүсч дэд бүтцэд ихээр халдах болсон тул Америкаас тусламж хүссэн байна.
Д.Идэр