Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ӨМӨЗО-ны Хөх хот, Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоотой хамтран “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээнүүдийг харилцан мэдээлэл солилцож шийдвэрлэж байхаар болсон билээ. Энэ дагуу Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоцциийн тэргүүн Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан н.Жаргалмаа ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханд хандсан юм. Энэ үеэр түүнээс тодруулга авсанаа та бүхэнд хүргэж байна.
-Та юуны улмаас ШӨХТГ-т хандаж байгаа юм бэ?
2012 онд тухайн үеийн Засгийн газар Монгол улсад үйлдвэрлэсэн даавуугаар сурагчийн дүрэмт хувцасыг оёж улс даяар хангахаар шийдвэр гаргасан юм. Мөн Боловсролын тухай хуулинд ч Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувцас нэг загвар, стандарт байна гэж заасны дагуу энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж энэ төсөл хэрэгжсэн юм. Төсөл хэрэгжсэн эхний жилдээ 3000-4000 хүнийг ажлын байраар хангаж их сайн үр дүнтэй болсон. Техник, технологи, өр зээлгүй байх, массыг хамарч үйл ажиллагаа эрхэлж чадах гээд их нарийн шалгуураар 7 аж ахуй нэгж шалгарч уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Харамсалтай нь энэ үеэр импортоор орж ирж буй сурагчийн дүрэмт хувцас зах зээлийг бүрэн эзэлж борлуулалт хийхэд хүндрэлтэй нөхцөл гарч ирсэн.
-Улсаас энэ долоон аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байхад импортоор орж ирж байгаа юм уу?
Уг нь энэ бүтээл нь БСШУЯ-ын оюуны өмч. Уг дүрэмт хувцасыг Монголд үйлдвэрлэж зах зээл дээр гаргасан байтал яг адилханыг дуурайлгаж Хятадад хийлгээд зах зээлд борлуулсан. Ер нь сурагчийн дүрэмт хувцас гэлтгүй ямар ч төрлийн хувцасыг эрэлт ихтэй, борлуулалт сайтай л байх юм бол яг адилханыг Эрээнд үйлдвэрлээд л “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго наагаад л зах зээлд гаргадаг. Бид улсаас маш их зээл авсан, тэрнийхээ дагуу татвараа төлөөд зах зээл дээр бараагаа борлуулах гэтэл урдаас бараг тал үнээр нь шахуу оруулаад ирэхээр үнэхээр хүнд нөхцөл байдал үүсч байна. Иймд ШӨХТГ Хятадын Үйлдвэр худалдааны товчоотой хамтран хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэнэ гэсэн мэдээллийг аваад энэ асуудлыг шалгаж, нягталж нэг мөр болгон дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллаасай гэсэн үүднээс хандаж байгаа юм.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан: Хуурамч бараа бүтээгдэхүүнтэй хатуу тэмцэнэ
Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоцциийн санал хүсэлтийг хүлээж авч байна. Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж улс эх орноо хөгжүүлье, хүн амаа ажлын байраар хангаж яваа, ажил амьдралаа өөд нь татья гэсэн хүсэл эрмэлзэлтэй иргэд, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь бидний ажлын гол хэсэг. Хүн амыг ажлын байраар хангаж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс эх орноо гэсэн сэтгэлээр хөдөлмөрлөж, бүтээж яваа энэ хүмүүсийг дэмжсэнээр эргээд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэх нь зүйн хэрэг. Ийм хүмүүсийн хажуугаар үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх, шошго тэмдгийг хууль бусаар хийж дотоодын болон гадаадын зах зээл дээр зарж борлуулж байна гэсэн өргөдөл гомдол манай байгууллагад их ирж байна. Тиймээс ШӨХТ хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх, таслан зогсоох асуудлыг бодлогын төвшинд авч үзэж, үр дүн гаргаж ажиллана гэсэн байр суурьтай байна.
Д.Ундрах /24tsag.mn/