“Холбоотой амьдаръя!” уриатай “Юнител” группт холгуулаад амьдармаагүй байна гэсэн гомдолтой хүмүүс манай редакцид хандлаа.
Тус компани нь саяхнаас “Хүсэл бүхэнд нийцүүлэв” уриатайгаар шинэ загварын утаснуудаа худалдаанд гаргаж буй. Ингэхдээ дараа төлбөрт хэрэглэгчдээсээ урьдчилгаа мөнгө авалгүйгээр лизингээр өгнө хэмээн рекламдаж байгаа.
Тэгвэл тус үйлчилгээ нь хүн бүрийн хүсэлд нийцэх нь бүү хэл хүслийг нь хяссан үйлчилгээ байна хэмээн манай редакцид хандсан хүмүүс хэлэв. Манай уншигч Э-ийн хувьд тус операторын дараа төлбөрт дугаарыг ашигладаг бөгөөд урьдчилгаа мөнгө өгөлгүйгээр утас лизингээр авах шаардлагыг бүрэн хангасан аж. Тиймээс хөнгөлөлттэй үнээр ганц утас авчихъя хэмээн Юнител компани дээр очиход урьдаас нь “Бүх утас ирээгүй байна” гэж хэлэн хэдэн өдөр нааш, цааш нь явуулсан гэнэ.
Ингээд хүлээсний эцэст “Өргөө II”-ийн салбар дээр очоод утсаа авахаар болж. Гэтэл яг өгч, авалцах болоход “Уучлаарай таньд нэг зүйл сануулъя. Та утас лизингээр авч байгаа болохоор сар 16.000 төгрөгийн интернэт заавал ашиглах ёстой. Тэгэхгүй бол утас өгөхгүй” гэсэн байна.
Утас худалдан авагчийн хувьд өдөржин интернэтэд сууж ажлаа хийдэг мөн гэртээ wifi үйлчилгээ ашигладаг учраас мөнгө гарлагадан интернэт эрх авах шаардлага байхгүй аж.
Гэтэл Юнител компани 16.000 төгрөгийн интернэт эрхийг заавал сардаа ашигла. Ашиглахгүй бол утас өгөхгүй гэж аашилсан нь юун нөгөө “Хүсэл бүхэнд нийцүүлэх” болжээ.
Тухайн хэрэглэгч сарын ярианы төлбөр дээрээ утасны лизингийн 49.584 төгрөг бас нэмээд ашиглаагүй интернэтийнхээ 16.000 төгрөгийг Юнителд төлж таарах нь. Тэгэхээр 595000 төгрөгний утсыг 787000 төгрөгөөр авч байна гэсэн үг. Юнител ингэж л хэрэглэгчдийг шулж байна.
Юнител компани ёс зүйгүй, хэрэглэгчийн эрх ашгийг дорд үзсэн увайгүй үйлдэл гаргадгийн нэг жишээ нь энэ.
Үүнийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар шалгах ёстой гэж иргэд, олон нийт үзэж байна.
Үндэсний хэмжээний компани байж хэрэглэгчдийг төөрөгдүүлэн рекламаар хуурч мөнгийг нь луйвардаж авах нь тэдний хувьд чухал бололтой. Аргагүй л толгой эргүүлж сурсан компани юм.
Өмнө нь ч мөн зах зээлийн үнээр 200 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа Самсунг трэнд гар утсыг 300.000 төгрөгөөр борлуулан дагалдуулж 300.000 мянган нэгж өгнө хэмээн рекламдан хэрэглэгчдээ хулхидаж байсан. Ер нь ийм оператортой холбоотой амьдрах шаардлага ч алга гэх зүйлийг тус компанийн үйлчлүүлэгчид ярьж явна.
Т.Хулан
Сэтгэгдэл (18)