Төр мах бэлтгэлийн компаниудыг хулхидсанаас нөөцийн мах худалдаанд гарахгүй саатсаар байна. Энэ жил нийслэлчүүдийн хэрэгцээнд 12 мянга орчим тонн, Дарханы иргэдэд зориулан 1000, Орхон аймагт 1000 тонн мах нөөцлөхөөр болсон. Гэтэл жил бүрийн 12 дугаар сарын сүүлчээр худалдаанд гардаг нөөцийн мах өнөөдрийг хүртэл сураг алдарсаар. Монголчуудын хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ жил бүрийн хавар тэнгэрт хаддаг. Харин энэхүү асуудлыг бага ч атугай нимгэлдэг нөөцийн мах хэзээнээс худалдаанд гарах тухай болон махны үнэ ханш хэр байгааг сурвалжиллаа.
Жил бүр нөөцийн мах худалдаалах ажлыг зохион байгуулдаг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс дээрх асуудлыг тодруулах гэсэн боловч “Энэ жил нөөцийн мах хэрхэн худалдаалах талаар манайхтай хамтарч ажиллах санал ирээгүй. Тиймээс ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн.
Тиймээс Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамбаагаас махны урамшууллын дутуу мөнгө хэзээ компаниудад олгогдох, энэ талаар ямар байр суурьтай байгааг лавлахад “Өнгөрсөн жилийн махны урамшуулал шийдэгдвэл нөөцийн мах худалдаанд гарахад бэлэн, харин компаниудын мөнгийг олгохгүй бол нөөцийн махыг худалдаанд гаргах асуудлыг ярих боломжгүй” гэв.
Уг нь Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны урамшууллын дутуу мөнгийг санхүүжүүлэх ажлыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан. Гэвч энэ ажил аль шатандаа явж байгаа нь тодорхойгүй байна. Яамнаас энэ асуудлыг тодруулахад ч албан ёсоор мэдээлэл өгөх хүн олдоогүй. Тиймээс энэ янзаараа байвал нөөцийн махны урамшууллын мөнгийг олгох сураг алдарч нийслэлчүүд энэ жил нөөцийн мах амсахгүй бололтой.
Өнөөдрийн байдлаар “Нарантуул 2” худалдааны төвд үхрийн цул мах 8500-7300 төгрөг, адууны мах 6000-5200, хонины мах 7500-6800, ямааны мах 6500-6000 төгрийн үнэ ханштай худалдаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1000-2500 орчим төгрөгөөр хямд байгаа юм. Махны худалдаачдаас махны үнэ хэр тогтвортой байгаа талаар асуухад “Энэ жил махны нийлүүлэлт их байгаа болохоор үнэ хямд бас тогтвортой байна. Нөөцийн мах худалдаанд гарвал үүнээс ч хямд болох байх” гэцгээж байлаа. Түүнчлэн махны үнэ хэдий тогтвортой байгаа ч иргэдийн худалдан авах чадвар тааруу байгааг тэд хэлсэн.
Ямартай ч хямралын гэгдэж байгаа өнөө үед нөөцийн махыг худалдаанд гаргавал иргэдийн худалдан авах чадвар сайширж, амьдралд нь бага ч болов нэмэр болох юм.
Б.Энхжин