150 хүний аминд хүрсэн Германы онгоцыг санаатайгаар осолдуулсан тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.
Албаныхны мэдээлж буйгаар уг онгоцыг туслах нисэгч нь осолдуулсан байна. нислэг үйлдсэн “Germanwings” компанийг бүрэн эзэмшдэг “Lufthansa”-ийн гүйцэтгэх захирал Карстен Спохр энэ тухай мэдэгдэхдээ “Бид онгоцыг туслах нисэгч санаатайгаар сөнөөснийг мэдээд хэлэх үггүй болсон” хэмээн ярьсан байна. Компанийн мэдээлснээр туслах нисэгч нь 27 настай герман үндэстэн Андриас Лубитз гэх залуу аж.
Энэхүү мэдээллийг хууль хүчнийхэн ч мөн баталгаажуулжээ. Онгоц сүйрсэн Францын хотын прокурор Брийс Робин ярихдаа “туслах нисэгч онгоцыг устгахыг хүссэн. Тэр энэ ажиллагааг үйлдсэн. Гэхдээ дан ганц өөрөө төлөвлөсөн эсэхийг мэдэхгүй байна” хэмээн мэдэгджээ.
Туслах нисэгч онгоцыг яаж сүйрүүлсэн тухай мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Автомат жолоодлогын хариулагчийн мэдээллээс харвал нисэгчийн бүхээгт байсан хэн нэгэн онгоцны өндрийг 11500 метрийн өндрөөс 30 метр хүртэл тохируулсан байсан” гэлээ.
Хар хайрцагны мэдээлэлд бүхээг дотор хэн нэгэн нь сонин авиа гаргаж байсныг магадгүй бүхээгт түгжигдсэн ахмад гарахыг оролдсон байх хэмээн таамаглаж байна. Туслах нисэгчийг хэргийн хэрэгтнээр сэжиглэж буй хамгийн гол шалтгаан нь тэрээр нисэгчдийн бүхээгний хаалгыг ахмадад нээж өгөхөөс татгалзсан нь хар хайрцагт бичигджээ.
Нислэгийн багийн зургаан гишүүнээс гадна 144 зорчигч явсан бөгөөд тэдний 72 нь Германы, 51 нь Испанийн иргэд байсныг оролцуулахад нийт 18 орны иргэд осолдсон юм.
Хэрэглэгчдэд илүү хямд үнээр үйлчилдэг “Germanwings” компанийг аюулгүй байдлаараа тэргүүлдэг Германы томоохон авиа компани “Lufthansa” эзэмшдэг юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)