Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг ажилчдаа намаар нь ялгаварлан олноор нь ажлаас нь халж байна гэх мэдээлэл тараад байгаа. Тэгвэл энэ асуудлаар С.Чинзориг сайд тайлбар хийлээ.
Тэрбээр аймаг, дүүргийн харьяа Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон МСҮТ-ийн дарга нарыг халсан гэж буй.
Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн хэлж буйгаар ажлаасаа чөлөөлөгдсөн удирдлагууд нь сүүлийн хоёр жилд түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар ажил үүргээ гүйцэтгэсэн ирсэн байна. Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилж чөлөөлөх эрхтэй аж. Гэтэл Хөдөлмөрийн яам байгуулагдсанаас хойш тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба ингэснээр яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь мөн эрх зүйн чадамжгүй байдалд хүрсэн байна. Иймд Шийдлийн Засгийн газар гарч ирснээр Төрийн нарийн бичгийн даргыг шинээр томилсон ба Төрийн албаны салбар зөвлөл ч баталгаажжээ. Энэ хүрээнд буюу хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг халж, оронд нь яам дотроосоо үүрэг гүйцэтгэгчийг томилсон гэнэ. Ирэх долоо хоногоос сонгон шалгаруулалт зарлах ба тэдгээр халагдсан албан хаагчид сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй. Түүнчлэн сонгон шалгаруулалтад орохгүй, төрд ажиллана гэвэл ажлын байраар хангах бололцоотой гэдгийг салбарын сайд хэллээ. МСҮТ-үүдийн захирлыг мөн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон тул ажлаас нь чөлөөлж сургалтын албаны даргыг нь үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)