Өнгөрсөн шөнө 02.00 цагаас эхлэн Монгол улс зуны цагт шилжлээ. Тодруулбал, нэг цагаар урагшилж 02.00 цагийг автоматаар 03.00 цаг болгосон гэсэн үг. Тэгэхээр яг одоо цаг 11.48 минут болж байна гэсэн үг.
Бид өнөөдрөөс эхлэн урьдынхаасаа нэг цагийн өмнө босч, цагийн өмнө ажилдаа очиж, мөн цагийн өмнө ажлаасаа тарах болж байна. Хэдий ингэж байгаа ч цагийн хэмжүүр бол яг одоогийнхтой адил байна гэсэн үг.
Манай улс 1983 онд цагийг зуны цагийн тоололд шилжүүлэн, 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжиж, 1999 онд хүчингүй болгосон байдаг.
Харин үүний дараа Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн бөгөөд 2005 онд уг тогтоолыг хүчингүй болгож байсан ч 10 жилийн дараагаар буюу энэ жилээс эхлэн дахин зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг Засгийн газар гаргаад буй.
Засгийн газрын мэдээлж буйгаар “Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтлоо” гэсэн юм.
Иймд Стандартчилал, хэмжил зүйн газрын Цаг, давтамжийн эталоны лабораториос эталон цагийн дохио хүлээж авах болон ашиглалтын талаар тодорхой заавар, мэдээлэл гаргаж байна. Өөрийн эзэмшиж буй комьпютер болон электрон төхөөрөмжийн тохиргооны хэсэгт орж, интернет цагийн тохиргооны хэсэгт шилжин серверийн хэсэгт “time.icttime.mn” гэсэн хаягыг оруулаж өгснөөр эталон цагийн дохиог хүлээн авах юм. Комьпютерийн цаг тоолол дангаараа 1-2 хоногт 2-3 минут алдаж тоолох магадлал их байдаг учир байнгын тохируулга хийж явах нь зүйтэй.
Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 улс орон ямар нэгэн байдлаар зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.
Зуны цагт шилжих давуу тал
Зуны цагийг үр бүтээлтэй ашиглавал иргэд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг, хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрүүлэх цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Харин Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна.
Эрүүл мэндэд сайн нөлөөтэй
Эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм.
Бусад оронд энэ байдлыг хэрхэн ашигладаг вэ?
Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалын хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнийн их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбраасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна. Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британийн улсууд жуулчлалын идэвхийг 2 дахин өсгөдөг ба зуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаанд зарцуулах мөнгө нэмэгддэг байна.
Дутагдалтай талууд:
Энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба компьютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг. Зарим улсад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн зүгээс асар их гомдол илгээх болжээ. Өглөө эрт ч гэсэн харанхуйд ажил хичээлдээ явах болсон нь ард иргэдээ аюулд оруулж байна гэж үзэн болиулсан байна. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. ажиллагаануудад жирийн үеэсээ 2 дахин их мөнгө зарцуулах магадлалтай болдог байна. Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнхи судлаачид үздэг.
24tsag.mn