Эдийн засгийн хүнд хэцүү үед яам, агентлагийн дарга нарыг шатахуун их хэрэглэдэг, үнэтэй машин ашиглахгүй байхыг Ерөнхий сайд үүрэгдсэн. Энэ дагуу дарга нарын том жийпүүдийг хураах ажиллагаа өнгөрсөн сараас эхэлсэн ч төдийлөн үр дүнтэй байхгүй байгаа талаар Төрийн өмчийн хорооноос мэдэгдэж байгаа. Учир нь дарга нар машинаа хураалгах дургүй байгаа юм. Тэгвэл уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өчигдөр яам, агентлагийн удирдлагуудтай санал солилцож үүрэг өгсөн байна. Энэ үеэр тэрбээр төсөв хэмнэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг яам, агентлагууд дэмжиж ажиллах шаардлагатай байгааг сануулжээ. Тодруулбал 100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын авто машиныг төвлөрүүлэх Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрийг бүх яам, агентлаг, их, дээд сургуулиудад хүргүүлснээр 40 автомашин хурааж авсан байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас бусад яам, агентлагууд авто машинаа төвлөрүүлээгүй байна. Сангийн яам “Патрол” маркийн машинаа “ХАА-ийн давхар даатгал” ХК-д балансаас балансад, Зам тээврийн яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг зөрчил илэрч байгааг хэлээд цаашид ийм дутагдал гаргаж болохгүй гэдгийг яам, агентлагийн удирдлагуудад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт анхааруулсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)