Одоогийн байдлаар хоёр аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэрийг аймгийнх нь ИТХ гаргаад байгаа билээ. Дорнод аймгийн засаг дарга С.Ганбатыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдтай зөвшилцөх бичиг Ч.Сайханбилэгт ирээд буй. Ерөнхий сайд ч уг асуудлыг хүлээж аван Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан өөрт нь саналаа ирүүлэхийг үүрэг болгосон.
Харин Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах асуудлаар зөвшилцөх бичиг Ерөнхий сайдад ирээгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд П.Ганхуягийг огцруулах асуудлыг хүлээж авахгүй гэж буй.
Энэ нь ч тодорхой болж өөрөө өчигдөр энэ асуудлаар тайлбар хийсэн билээ. Тодруулбал тэрбээр “Улстөрийн чанартай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байна. Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй” гэж мэдэгдсэн юм.
Тэгэхээр тэрбээр П.Ганхуягийг огцруулах бичгийг хүлээж авахгүй аж. Харин хариуцлага алдсан Засаг даргатай өөрөө хариуцлага тооцно гэсэн юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (10)