Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодоон болоод байна гэх дуудлага шөнийн 04.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиход СХД-ийн долдугаар хороонд оршин суугч, 28 настай У гэгч нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь мэс хүргэж хүнд гэмтэл учруулсан байна.
Улмаар Түргэн тусламж 103-ыг дуудахад дуудлага өгснөөс 40 минутын дараа ирж, анхан шатны тусламж үзүүлжээ.
Цагдаагийн алба хаагч цус их алдсан учраас яаралтай түргэн тусламж 103-ын эмч нар удаан ирлээ гэхэд түргэний эмч нар "Тийм л юм бол өөрсдөө аваачиж өгөх нь яасан юм бэ" хэмээн маргалджээ.
Одоогоор цагдаагийн алба хаагчийн биеийн байдал тааруу эмнэлэгт эмчлүүлж байна. Тэрбээр дотор 17, гадна 6 оёдол тавиулаад байна.
Харин хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлд "Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх" Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. Хэрвээ тухайн иргэний гэм буруутай тогтоогдвол дээрх зүйл заалтаар хэргээ шийдүүлэх юм байна.
Мөн түргэн тусламжийн 103-ийн эмч цагдааг өөртэй нь ёс бус харьцсан гэдэг шалтгаанаар гомдол гаргаад байгаа аж. Угтаа бол шөнийн 4 цагт хэдхэн км-ийн зайтай газарт 40 минут болоод ирнэ гэдэг яахын аргагүй хүмүүсийн бухимдлыг төрүүлэх зүйл. Хэт их цус алдалттай цагдаагийн алба хаагч хариуцлагагүй байдлынх төлөө хэдэн үг хэлсэний төлөө гомдол мэдүүлж байгаа нь өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ далдлах гэсэн башир арга гэлтэй.
Юутай ч уг хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид маргааш хэрэг гарах үеийн болоод цагдаа шархасан байдлыг фото зургаар дэлгэх болно.
Д.Ундрах
Сэтгэгдэл (14)