Дулааны улирал эхэлж барилгын ажлууд хаа сайгүй эхэлжээ. Бүтээн байгуулалтын ажил өрнөж нийслэл хот маань өнгө нэмж хөгжсөөр байгаа нь сайшаалтай. Гэвч барилгын ажил явагдаж, шинэ барилгууд сүндэрлэнэ гэхээр хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар дурсахгүй өнгөрч боломжгүй мэт санагдлаа.
Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд өөрсдийн эрх ашгийн төлөө ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэхгүй олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон.
Тиймээс ч иргэд хаанаас, хэний дээрээс юу унаж, хичнээн хүн барилгын ослоор бэртэж гэмтэх бол гэсэн чихүүн айдас нээж явдал болсон нь нууц биш.
Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт хангалтгүй, хуульд заасан дүрэм журам чиг үүргээ захиалагч, гүйцэтгэгч нар хангалттай биелүүлдэггүйгээс хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байгааг холбогдох албаныхан хэлдэг.
Өнгөрсөн онд “Төрийн орон сууцны корпораци”, Нийслэлийн “Хөрөнгө оруулалтын газар”, Хүн Амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, “Макс өргөө” ХХК, “Хурд” групп зэрэг газар хоёр удаагийн, “Тайгам-Алтай”, “Номин зэрэглээ” ХХК, “Эс девеломент” ХХК, ”Илсон девеломент” ХХК зэрэг газар захиалагчийн үүргээ хангалтгүй биелүүлснээс 10-аад хүний алтан амь эрсджээ. Үүнээс үзэхэд хууль хамгийн сайн хэрэгжүүлж мөрдөх үүрэгтэй төрийн байгууллагууд үүргээ хангалттай биелүүлээгүйгээс гурван хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан байна.
Түүнчдэн “Зуншин” ХХК, “Тайгам-Алтай” ХХК, “Эрэл импекс” ХХК, “Нийслэл өргөө” ХХК, “Бо Бэ конштракшн” ХХК, “Төсөв төсөл”, “Шилдэг шилтгээн” ХХК зэрэг компани ерөнхий гүйцэтгэгчийн үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас зургаан хүн нас барсан байна.
Өөрсдийн эрх ашгийн төлөө ажилчдынхаа эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөр тоглож буй байгууллагуудын үйл ажиллагааг таслан зогсоож, хариуцлагыг чангатгах шаардлагатай юм.
Барилгын салбарт ажиллаж байгаа иргэдээ дээрх байдлаар хохирохгүй байх талаар гүйцэтгэгч, захиалагч компаниудад хэрхэн шаардлага тавьж ажилладаг талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Энхсайханаас тодруулахад “Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэх талаар нэлээд олон ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт барилгын салбарын 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг биелүүлэх хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа” хэмээсэн.
2014 онд барилгын 356 объект дээр 16 мянга гаруй хүн ажилласан гэх тоон мэдээ байна. Үүнээс үзэхэд манай улсын хөдөлмөр эрхлэлтийн дийлэнх хувийг бүрдүүлж буй барилгын салбар ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг чанд мөрдөж, хэрэгжүүлдэг болох шаардлагатай юм.
Сэтгэгдэл (1)