Нигерийн ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн тооллоор ням гарагт болж өндөрлөлөө. Одоо тус улсын Сонгуулийн хорооо саналыг тоолж байгаа бөгөөд үр дүнг нь даваа гарагт зарлахаар хүлээгдэж байна. Уг сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Гүдлак Жонатан болон цэргийн захирагч асан Мухаммаду Бухари нар нэр дэвшсэн юм.
Сонгуулийг ажиглах НҮБ-ын баг техникийн саатал, жагсаал цуглаан болон хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн заналхийллийг эс тооцон санал хураах ажиллагаа хууль ёсоор болсон хэмээн дүгнэсэн байна.
Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл сонгуулийн өдөр зүүн хойд хэсэгт орших хотуудын санал хураалтын байранд халджээ. Үүний улмаас аюулгүйн албаныхан Боко Харамын дайчидтай мөргөлдсөн тул Баучи муж улсад хөл хорио тогтоосон байна.
Үүнээс гадна санал уншигч электрон машин эвдэрсний улмаас Нигерийн зарим хотуудад сонгуулийн маргааш өдөр нь санал хураалтыг явуулсан юм. Ерөнхийлөгч, нэр дэвшигч Гүдлак Жонатан ч мөн машин саатсаны улмаас саналаа маргааш нь хүмүүсийн нэг юм. Түүний Ардын ардчилсан нам санал уншигч машинуудыг оруулж ирсэн бөгөөд сонгуулийн өдрийн саатлыг “үндэсний томоохон ичгүүртэй хэрэг” хэмээн нэрлэжээ.
Харин сөрөг хүчний мянга мянган дэмжигчид өмнөд хэсэгт орших Риверс муж улсын гудамжуудад цугларч дахин санал хураахыг шаардсан байна.
Африкт эдийн засгийн цар хүрээ, газрын тос үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Нигерь улсыг 1999 оноос хойш Ардын ардчилсан нам удирдаж байгаа юм. Гэвч Генерал Бухаригийн Бүгд Конгресст дэвшдэг нам хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн юм.
Д.Үжин