АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүрэгт өнгөрсөн пүрэв гарагт томоохон хэмжээний дэлбэрэлт болсон билээ. Хий алдсаны улмаас үүссэн дэлбэрэлтээр гурван барилга нурсан бөгөөд нуранги дороос хоёр хүний цогцос олдсон тухай “BBC” мэдээлжээ.
Дэлбэрэлтэд өртсөн ресторанаас хоёр хүн сураггүй болсон хэмээн мэдээлж байсан юм. Ресторанд болзож байсан Николос Фигуероа болон ажилтан Мойсес Лукон нарыг сураггүй болсон хэмээн тодорхойлж байсан. Гэвч ням гарагт илрүүлсэн хоёр цогцсыг дээрх хоёр хүнийх мөн эсэхийг тогтоогоогүй байна.
Түймэр үүсгэсэн томоохон хэмжээний дэлбэрэлтээр 22 хүн гэмтэж бэртсэний дөрвийнх нь биеийн байдал хүнд нөхцөлд байгаа аж. Нью-Йорк хотын дарга хий алдагдсан хэргийг хэн нэгэн санаатайгаар үйлдсэн эсэхийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Нуранги дороос цогцос хайх ажиллагаанд сургуулилттай нохдыг дайчилж байгаа гэлээ.