Дэлхийн зургаан гүрний сайдууд Ираны цөмийн хөтөлбөрийн тухай асуудлаарх анхны бүрэн хэмжээний чуулга уулзалтыг Ираны Гадаад хэргийн сайдын хамт мягмар гарагт эхлүүлэх гэж байна. Энэхүү чуулганы зөвшилцөлд хүрэх ёстой хугацаа нь лхагва гараг юм байна.
P5+1 буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон болох АНУ, Герман, Франц, Их Британи, Хятад, ОХУ дээр нэмэгдээд Герман улсын төлөөлөгчид Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавав Зарифтай уулзах юм. Энэхүү уулзалтын гол зорилго нь Ираныг цөмийн тусгай зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай цөмийн хангалттай түлш үйлдвэрлэхийг ядаж нэг жилээр хойшлуулах аж.
Швейцарийн Лозанн хотноо зохион байгуулагдах чуулганаар талууд хэт албан ёсны шийдвэр гаргахаасаа илүү сайн ойлголцохыг хичээх болно хэмээн Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.
Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг зориогүй хэмээн няцааж байгаа бөгөөд энэхүү уулзалтаар эдийн засагт нь сөргөөр нөлөөлж буй олон улсын хоригуудыг цуцална хэмээн найдаж байгаа юм. Харин P5+1 орон Ираны цөмийн хөтөлбөрийг хойшлуулахаас гадна 10-аас олон жилээр түр зогсоохыг зорьж байна.
Иран нь цөмийн хөтөлбөртөө 10 мянга гаруй центрифуг ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард Вашингтон энэ тоог 6000 болгохыг шаардсан юм. Харин Ираны эрх баригчид 6500-7000-ийн хооронд барихыг хичээж байгаа хэмээн мэдээлж байна.
Энэхүү чуулганы үр дүнг ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр эцэслэн шийдвэрлэж баталгаажуулах юм.
Д.Үжин