Хоёр жилийн өмнө Батаар монголдоо ирсний дараахан Лениний музейн байрыг МАН-аас төрд шилжүүлж өмчлөх шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл одоо Үлэг гүрвэлийн музей болсон тус байр төрд бүрэн шилжих боломжгүй тухай "Зууны мэдээ" сонины 65 дугаарт мэдээлжээ. Учир нь МАН Лениний музейг өмчилж байх үедээ энэхүү байраа барьцаанлан их хэмжээний мөнгө зээлсэн байна. Тодруулбал, иргэн Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлээд үүнийхээ барьцаанд намын байраа тавьсан байж.
Лениний музейг төрийн өмч болгох шийдвэр гарсны дараа барьцаагаа алдах шахсан иргэн Г.Алтан шүүхэд хандан гомдол мэдүүлж ийм гэрээ, тохиролцоо хийгдсэн тухайгаа мэдүүлсэн нь дээрх байрын асуудлыг дахин шүүхэд хүргэж байна.
2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж баталгаажуулсан Зээлийн болон барьцааны гэрээг Г.Алтан шүүхэд гаргасан гомдолдоо хавсаргажээ. Зээлийн гэрээний эхэнд “...Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа. Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай нэг сая ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир,иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ.
Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь хэмээн тусгасан бөгөөд энэ нь Ардын нам Г.Алтанд cap бүр 29 мянган ам.долларын хүү төлдег гэсэн үг аж. Ингэхдээ МАН Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4712 мкв газрын хамт Г.Алтангийн барьцаанд тавьжээ.
Хамгийн гол нь Ардын нам өнөө хүртэл Г.Алтанд зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа учраас Лениний музейг төрд шилжүүлэх боломжгүй болжээ. Тиймээс Г.Алтан Лениний музейн оронд өнөөгийн МАН байршиж буй Тусгаар тогтнолын ордонг сольж өгөхийг хүссэн байна.
Тэрээр энэ оны нэгдүгээр сард гаргасан өргөдөлдөө “Маргаж байгаа байр нь МАН- д бүртгэлтэй болохыг шалгаж холбогдох газраас лавлагаа авснаар Алтан миний бие МАН-д зээл олгохдоо тухайн байрыг барьцаалан барьцаагаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэн зээл олгосон болно. МАН нь одоог хүртэл миний зээлийг төлөөгүй учир барьцаа хөрөнгийг өөр бусад хүний нэр дуур шилжүүлэх нь хууль бус болно. Иймд дээрх маргаж байгаа байр нь одоогоор Алтан миний авах авлагын баталгаа болж хуулиар баталгаажсан тул Г.Алтан надыг шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү” гэжээ. Мөн “Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /үлэг гүрвэлийн музей/-ыг барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барь- цаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн шаардлага хүргүүлсэн байна.
Тиймээс Лениний музейн өмчлөлийг тогтоох шүүх хурал дахин болох нь ойлгомжтой боллоо. Хэрвээ Тусгаар тогтнолын ордонг Г.Алтангийн барьцаанд өгвөл Лениний музейг төрд шилжүүлэх боломжтой учраас энэ хэрэг түүний талд шийдэгдэх магадлалтай аж.
Үүнээс гадна Г.Алтан хүсэлт гаргасан дагуу барьцаагаа сольж чадна гэсэн өөр нэгэн магадлал байна. АН Тусгаар тогтнолын ордонг буцааж өгөхийг МАН-аас шаардаж байсан юм. Тэд Тусгаар тогтнолын ордонг төрийн мөнгөөр барьсан хэрнээ МАН бусад байршихаас гадна бусад байгууллагад түрээслүүлэн мөнгө олддог хэмээн шүүмжилж тус байрыг төрд буцаан олгохыг шаардаж байсан удаатай. Тиймээс МАН ч өнөөгийн байраа алдах аюул байгаа тул Г.Алтангийн барьцаанд өгөхийг дэмжиж магадлал өндөр байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (18)