Германы онгоцыг осолдуулсан хэмээгдэж буй туслах нисэгч Андриас Лубитз хэмээх 27 настай герман залууг амиа хорлох оролдлого хийж байсан тухай мөрдөн байцаагчид мэдээллээ. Тэрээр нисэгчийн үнэмлэхээ авахаасаа өмнө амиа хорлох хандлагын эсрэг эмчилгээнд явж байжээ.
Дьюсселдорф хотын олон нийтийн прокурор Кристофер Кумпагийн мэдээлснээр “Лубитз нисэгч болохоосоо олон жилийн өмнө амиа хорлох гэж оролдож байсан тул сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгэж байсан нь тогтоогдсон” хэмээн мэдэгдлээ. Гэвч “Эмчилгээнээс хойш үед буюу онгоцыг осолдуулах хүртэл тэрээр амиа хорлох эсвэл хэн нэгэнд халдах зэрэг ямар ч шинж тэмдэг илрээгүй болохыг эмч нар тэмдэглэсэн байсан” гэжээ.
2008 онд “Germanwings”-д ажилд орсон тэрээр 2013 онд туслах нисэгчийн үнэмэлэхээ авсан юм. Тус компани Андриас Лубитзийг ажилд орох үед биеийн эрүүл мэндийн шинжилгээ авсан боловч сэтгэцийн шинжилгээ авч байгаагүй хэмээн мэдээлж байсан юм. Мөн түүнийг 2009 онд сэтгэцийн тайван бус байдалд орж жил хагасын орчимд эмчилгээ хийлгэж байсныг мөрдөн байцаагчид мэдээлсэн байна.
Өчигдөр Андриас Лубитзийн экс найз бүсгүй түүнийг онгоцны ослыг зохион байгуулах талаар ярьж байсан хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн юм. Өөрийнхөө нэрийг Мария гэдгээс өөр мэдээлэл өгөхийг хүсээгүй 26 настай бүсгүй онгоцны үйлчлэгч хийдэг байсан бөгөөд өнгөрсөн жил Лубитзтэй хамт таван сарын турш нислэгт гарч байжээ. Тэрээр “Лубитз би бүх системийг өөрчлөх ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөсөн. Ингэснээр хүн бүр миний нэрийг мэддэг болно хэмээн ярьсан” гэжээ. Энэ нь онгоцны ослыг төлөвлөж байсан тухайгаа хэлсэн хэрэг хэмээн сэжиг төрүүлж буйг үйлчлэгч бүсгүй ярьсан юм.
Онгоцны бүхээгний дуу хураагчаас олдсон мэдээлэлд үндэслэн Андриа Лубитзийг уг ослыг санаатайгаар зохион байгуулсан хэмээн үзэж байгаа юм. Гэвч холбогдох албаныхан түүний гэрийг нэгжээд осолтой хамааралтай ямар ч нотолгоо олоогүй. Харин сэтгэцийн эмчилгээнд хэрэглэдэг эм их хэмжээгээр олсон юм.
Францын Альпийн нуруунд осолдсон онгоцонд нислэгийн багийн зургаан гишүүнээс гадна 144 зорчигч явсан бөгөөд тэдний 72 нь Германы, 51 нь Испанийн иргэд байсныг оролцуулахад нийт 18 орны иргэд осолдсон юм. Хэрэглэгчдэд илүү хямд үнээр үйлчилдэг “Germanwings” компанийг аюулгүй байдлаараа тэргүүлдэг Германы томоохон авиа компани “Lufthansa” эзэмшдэг юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)