Технологийн алдартай корпораци “HP” буюу “Hewlett Packard” компанийн ерөнхий захирал асан Карли Фриони ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайгаа мэдээлжээ. Тэрээр "Foxnews" агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний сонгуульд өрсөлдөх магадал маш өндөр байгаа. Бараг 90 гаруй хувьтай” хэмээн хэлжээ.
Карли Фриони нь өдгөө 60 настай, Бүгд найрамдах намын гишүүн юм. Тэрээр 1999-2005 онд “Hewlett Packard” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөл Америкийн бизнест хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр шалгарч байжээ. Мөн 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ж.Маккены эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм. Карли Фриони 2010 онд Сенатын гишүүнд өрсөлдсөн боловч ялагдал хүлээсэн билээ.
Тэрээр сонгуульд өрсөлдөх болон сонгуулийн хөтөлбөрийнхөө тухай албан ёсны мэдэгдлийг дөрөвдүгээр сарын эцэс эсвэл тавдугаар сарын эхээр албан ёсоор мэдэгдэх аж.
2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан хамгийн анхны хүн нь Бүгд Найрамдах намын гишүүн Тэд Круз юм.
Г.Үжин