-“Улаанбурхан”-ы вакциныг хүн бүр хийлгэх боломжтой-
Нийслэлд сүүлийн өдрүүдэд “Улаанбурхан” өвчний шижигтэй тохиолдол ихээр бүртэгдэж байна. Тиймээс тухайн өвчний дэгдэлт, түүнээс хэрхэн урьдчилан талаар “Халдварт өвчин судлалын үндсэний төв”-ийн Сургалт, Хэвлэл мэдээллийн албаны дарга, их эмч Ч.Уртнасантай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний хэдэн тохиолдол, хаана, хаана бүртгэгдээд байна вэ?
-Нийслэлийн таван дүүрэг, Өмнөговь, Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний тохиолдолууд илэрсэн. Харин өнөө өглөөний мэдээгээр Өвөрхангай аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Гэхдээ шинжилгээний хариу гараагүй байгаа учир Улаанбурхан өвчин илэрсэн гэж баттай хэлж болохгүй юм.
-Танай төвд өнөөдрийн байдлаар хичнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-64 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 54 нь онош тодруулах гэсэн оноштой. Харин бусад нь Улаанбурханаар өвчилсөн нь шинжилгээгээр батлагдаад эмчлүүлж байна.
-Улаанбурхан гэж чухам ямар өвчин юм бэ?
-Вирусээр үүсгэгддэг цочмог халдвартай халдварт өвчин.
-Манай улсад анх энэ өвчин хэдэн онд бүртгэгдэж байсан юм бэ?
-1958 онд албан ёсоор бүртгэгдсэн.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад Улаанбурхан өвчний тархалт дэгдэлтийг таслан зогсоож чадсан гэж үзээд өнгөрсөн жил гэрчилгээ олгоод байсан. Ер нь өвчин яагаад гэнэт дэгдчихэв?
-Энэ өвчин ОХУ, Хятад, Казакстан зэрэг улсад нэлээд дэгдээд байгаа. Харин манай улсад гарсан өвчин нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж гэсэн гэх судалгаа байна. Хятадад Улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Эдгээрийн вирус нь манай улсад бүртгэгдсэн вирустэй ижил төрлийнх байгаа юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноор вакцинд хамрагдах хүүхдийн тоо буурсан. Үүнээс болж вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байна.
-Вакцинд хамрагдаагүй бол энэ өвчнөөр өвчилнө гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Гэхдээ энэ өвчнөөр хүн нэг л удаа өвчилдөг. Харин дээрх өвчин илэрсэн хүүхдүүдийн дийлэнх нь вакцинд хамрагдах наснаас өмнөх буюу 9 сараас бага сартай хүүхдүүд байгаа юм. Мөн цөөн тохиолодолд вакцинд хамрагдсан хүүхдүүд, том хүмүүс өвчилсөн. Тиймээс Улаанбурхан өвчнөөс вакцин найдвартай хамгаална гэж үзээд иргэдийг вакцинд хамруулах ажлыг дүүрэг бүрт зохион байгуулж байна.
-Тэгэхээр вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх хүн тариулах боломжтой гэсэн үг үү?
-Вакцины хоёр тунг хийлгэсэн эсэхээ мэдэхгүй ямар нэгэн бичиг баримтанд бүртгэлгүй байгаа хэн ч сайн дураараа энэхүү вакцинд хамрагдах бүрэн боломжтой.
-Вакцины тун хэтэрвэл ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй юу?
-Байхгүй ээ.
-Вакцин хангалттай хэмжээнд байгаа юу?
-Хангалттай байгаа.
-Ер нь манай улс ямар нэртэй, аль улсын вакцин хэрэглэдэг юм бэ?
-Манай улс НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаар дамжуулах Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд өвчнөөс сэргийлдэг “УГУ” нэртэй хавсарсан вакцин хэрэглэдэг. Энэ нь олон улсын шаардлага, стандартад нийцсэн учир вакцины чанар аюулгүй байдалд санаа зовох зүйлгүй.
-Манай улс вакциныг хэдэн оноос ямар хэмжээтэй хэрэглэж байсан юм бол.
-1976 оноос Улаанбурхан өвчний нэг тун вакцинийг тарьж эхэлсэн. Харин 2012 оноос Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд өвчний хавсарсан вакциныг хоёр тунгаар хэрэглэх болсон.
-Дээрх вакциныг хэд, хэдэн настайд авах ёстой байдаг юм бэ?
-Хүүхдийг төрсний дараа 9 сартай, хоёр настайд нь дээрх вакцинд хамруулах ёстой байдаг.
- Улаанбурхан өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
-Хүүхэд ханиаж, өндөр халуурах, нүд нь нуухдах, хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрвэл яаралтай харъяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй. Энэ нь Улаанбурхан өвчний эхний шинж тэмдэг юм. Түүнчлэн завьжны дотор талд улаан хүрээтэй цагаан тууралт гардаг. Мөн биеийн толгой хэсгээс эхлэн гүвдрүүт толбон тууралт гарч их бие, хөл хэсгээр туурч эдгэрдэг. Өвчин хөнгөн хэлбэрээр тусвал гурав хоног үргэлжилдэг.
-Энэ өвчин хүндэрвэл амь насанд хүрэх аюултай юу?
-Вакцин гараагүй, техник технологи хөгжөөгүй байх үед энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эндэх явдал байсан. Харин одоо бол харьцангуй багассан. Энэ өвчнөөр нярай хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хүндээр өвчилдөг. Улаанбурханы вирус үржиж байх үед нянгийн халдвар авснаас дунд чихний үрэвсэл, уушгины хатгаа, сахуулай /ларингит/ суулгат халдвар, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй байдаг. Гэхдээ иргэд айж сандрах хэрэггүй.
-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Улаанбурхан өвчин агаар дуслаар маш хурдан халдварладаг өвчин учраас бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар хамаагүй явуулахгүй, хүйтэн зүйл уулгаж, даарч хөрүүлэхгүй байлгаж, хөнгөн чанарын шингэц сайтай хоол хүнс хэрэглүүлэх шаарлагатай.
-Хэрэв тууралт гарч эхлэвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Гэрийн нөхцөлд тууралтыг угааж, ямар нэгэн тос, тосон түрхлэг хэрэглэхгүй шууд эмчид хандах хэрэгтэй. Арьсан дээрх тууралт биеийн дотор эрхтэн дээр ч гэсэн гардаг гэж үздэг. Тиймээс өндөр үйлчлэлтэй антибиотик хэрэглүүлэхгүй байх шаардлагатай. Энэ нь дархлалыг дарангуйлж өвчин удаашрах аюултай байдаг.
Б.Энхжин
Сэтгэгдэл (1)