Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро-г эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Энэ үеэр элчин сайд Ли Тэ Ро “АСЕМ-ийн 2016 оны чуулга уулзалтыг эх орондоо хийхээр болсон нь Монгол Улсын гадаад үйл ажиллагаа өндөр түвшинд хүрснийг харууллаа” хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэлээ.
Мөн БНСУ-ын тал Монголд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч буйгаа хэлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцаа өргөжиж байгааг онцлон дурдсан.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Элчин сайдын Монголд ажилласан гурван жилд хоёр орны харилцаанд тодорхой ахиц дэвшлүүд гарч, улс төрийн өндөр дээд хэмжээний харилцаа тасралтгүй явж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилд хоёр орны харилцаа олон салбарт тууштай хөгжиж ирсэнд баяртай байдгаа илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ли Тэ Ро-д эрүүл энх сайн сайхныг хүсч, цаашдын ажилд нь өндөр амжилт ерөөв.