Нигерийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мягмар гаргийн шөнө гарлаа. Сонгуульд нийт 14 хүн өрсөлдсөнөөс өнөөгийн ерөнхийлөгч Гүдлак Жонатан болон цэргийн удирдагч асан Мухаммаду Бухари нар гол нэр дэвшигчдээр нэрлэгдэж байсан юм. 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гаргаагүй ч сөрөг хүчний нэр дэвшигчийг үнэмлэхүй ялалт байгуулахыг нотолж байна.
Ялалт, ялагдлаа хүлээн зөвшөөрчээ
Албан бус дүнгээр сонгуульд сөрөг хүчний 72 настай Генерал Бухари ялалт байгуулсан байна.
Тодруулбал, Мухаммаду Бухари сонгуулийн бүрэн бус дүнгээр 24 муж улсад 25-аас илүү хувьд нь ялалт байгуулсан бөгөөд энэ нь Гүдлак Жонатан түүнийг гүйцэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэжээ.
Ерөнхийлөгч Гүдлак Жонатан “Би улс орондоо чөлөөт, шударга сонгуулт амласан. Хэлсэн үгэндээ ч хүрсэн” хэмээн мэдэгдсэн байна. Мөн шинэ удирдагчаар сонгогдсон Бухарид баяр хүргэсэн байна.
Сонгуулийн дүн гарсны дараа сөрөг хүчний дэмжигчид Нигерийн гудамжуудад гарч дуу дуулж, бүжиглэжээ. Генерал Бухаригийн Бүгд Конгресст дэвшдэг намын хэвлэлийн төлөөлөгч Гүдлак Жонатаны шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд түүнийг сонгуулийг будлиантуулахыг оролдсон гэх хандлага аяндаа намжина хэмээн мэдэгдсэн байна.
Зүүн гар талаас Гүдлак Жонатан, Мухаммаду Бухари нар өнгөрсөн долоо хоногт сонгуулийн дүнг хүндэтгэнэ хэмээн зөвшилцсөн билээ.
Цэргийн генерал яагаад ерөнхийлөгч болов?
Бухари нь исламын хэт даврагч Боко Харамын дайралтуудад хамгийн ихээр өртсөн баруун хойд хэсгийн мужуудад үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Тухайбал, Боко Харамын халдлагад хамгийн ихээр өртсөн Борно муж улсад Генерал Бухари 94 хувийн санал авчээ.
Исламын хэт даврагчдын гарт нухлуулж буй Нигерийн ард түмний хувьд Боко Харамтай хэрхэн тэмцэх нь сонгуулийн хамгийн том мөрийн хөтөлбөр байсан юм. Ихэнх сонгогчид өнөөгийн ерөнхийлөгч Гүдлак Жонатан бус Генерал Бухариг Боко Харамыг ялах хүн хэмээн харсан нь сонгуулийн дүнгээс харагдаж байна. Тэгээд ч өмнө нь Гүдлак Жонатанг зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх нь үр дүн муутай байна гэх шүүмжлэл ихээхэн өрнөж байсан билээ.
Түүхэн сонгууль
Африк тивийн хамгийн баян чинээлэг, мөн хамгийн их хүн амтай Нигер улс дахь сонгуулийн үйл ажиллагаа зөвхөн бүс нутаг төдийгүй, олон улсын анхаарлыг ихээхэн татсан билээ. Энэ жилийн сонгуулийн хувьд зөвхөн Ерөнхийлөгчийг сонгоод өнгөрөх биш, төлөөлөгчдийн танхим буюу парламентын шинэ гишүүдээ сонгож байгаагаараа ач холбогдолтой байв.
Генерал Бухаригийн ялалт нь Нигерийн үймээнтэй улс төрийн түүхэн дэх хамгийн онцлох үйл явдлаар нэрлэгдэж байгаа юм. Учир нь өмнө нь Нигерийн ерөнхийлөгч хэзээ ч сонгуульд ялагдаж байгаагүй аж. 1960 онд Британиас тусгаарласны дараа тус улсад маш олон төрийн эргэлт болж байсан бөгөөд ихэнхи сонгуулиуд будлиантайгаар зохион байгуулагдаж байжээ. Мэдээж энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буй хүмүүс байгаа ч энэ нь хамгийн ардчилсан, тайван сонгууль бослон хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Хоёр жилийн өмнө Нигер улсын сөрөг хүчнийхэн нь түүхэндээ анх удаа сөрөг хүчний эвслийг бүрдүүлж чадсанаар тус улсын улс төрийн хүчтэй тоглогч болоод байгаа юм.
Д.Идэр
www.24tsag.mn
.