Өнгөрсөн долоо хоногт осолдож 150 хүний аминд хүрсэн Германы “Germanwings”-ийг эзэмшдэг “Lufthansa” авиа компани 300 сая ам.долларын нөхөн төлбөр гаргахаа мэдэгдлээ. Энэхүү мөнгийг зорчигч хариуцах бодлого болон онгоцны даатгалаас гаргаж байгаа хэмээн “Lufthansa”-ийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
Энэ нь осолдсон зорчигч бүрийн ар гэрийнхэнд олгох богино хугацааны нөхөн төлбөр 54250 ам.доллар болон урт хугацааны нөхөн төлбөр болох 157 мянган ам.долларын олговроос тусдаа төлбөр гэдгийг онцолжээ. Хэрвээ уг осолд онгоцны компани буруутай нь нотлогдвол нөхөн төлбөрийн хэмжээ өсөх боломжтой аж.
Гэхдээ зорчигчийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөр тухайн хүний иргэншлээс эхлээд өөр бусад хүчин зүйлсээс хамааран өөр өөр байх юм байна.
Тус компанийн мэдээлснээр нэг бүтэн эд анги үлдэлгүй осолдсон онгоц 6.5 сая ам.долларын өртөгтэй байжээ.
Өнгөрсөн даваа гарагт осолдсон онгоцны хэрэгт туслах нисэгч 27 настай Андриас Лубитз хэмээх залууг буруутгаж байгаа юм. Тэрээр онгоц жолоодох эрхээ авахаасаа өмнө амиа хорлох хандлагын эсрэг удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон билээ.
Г.Үжин