ОХУ Украинд нийлүүлэх хийн үнийг хөнгөлөлттэй хэвээр нь үлдээхээр болсон тухай “Итар-Тасс” агентлаг мэдээллээ. Энэхүү шийдвэрийг тэрээр ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах үеэр гаргасан байна.
Хөнгөлөлттэй үнээр байгалийн хий авах гэрээ өчигдөр дуусахын өмнө Киев уг гэрээний хугацааг гурван сараас сунгаж ирэх долдугаар сарын нэгний өдөр хүртэл хий нийлүүлэхийг Москвагаас хүссэн аж. Энэхүү хүсэлтийг Оросын эрх баригчид зөвшөөрсний хариуд Украиныг “Нафтогаз” болон “Газпром”-ын хооронд байгуулсан гэрээний бүх заалт, нөхцлийг дагаж мөрдөх, өрөө тогтмол хугацаанд нь төлөх шаардлага тавьжээ.
Украины эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг харгалзан ийн шийдвэр гаргасан хэмээн Дмитрий Медведев ярьсан байна.
Украины эрх баригчид “Оросоос худалдан авдаг байгалийн хий манай орны дотоодын хэрэгцээнд чухал байр суурь эзэлдэг ч хэт өндөр үнэтэй байгаа нь импортыг зогсоох шалтгаан болж байна” хэмээн буруутгаж байсан юм. Харин ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Бид өвлийн хуваарийн дагуу Украинд 378 ам.доллараар зарж байсан” хэмээн тайлбарласан юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон ОХУ, Украин, Европын Комиссын гурван талт хэлэлцээний явцад өвлийн хуваарийн дагуу Украин ОХУ-ын байгалийн хийг урьдчилсан төлбөрөөр 1000 куб метр тутамд 100 ам.долларын хөнгөлөлттэй авахаар тогтоосон билээ.
Г.Үжин