2015 оны Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр Найрамдал зусланд эхэлж байна. Тус сургалт энэ сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх “Эх орон-36” хөтөлбөрийг санаачилж, 2013 онд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, 2014 онд Архангай, Завхан, Булган, Дорнод, Дундговь аймаг, нийслэлийн Багануур, Баянгол, Хан-Уул дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэн.
2014 онд зохиогдсон үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад сонгогдсон аймаг, дүүргийн 250 багш, насанд хүрэгчид, мэргэжлийн байгууллагын ажилтнууд хамрагдсан.
Хөтөлбөрт хамрагдагсдын хүрээг өргөжүүлэх нь хүүхэд, өсвөр үеийнхнийг зөв хүн болон төлөвшүүлэх, эх орноо хайрлах эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэсвэр хатуужил, эр зоригтой, үндэсний бахархалтай иргэдийг олноор бий болгоход чухал ач холбогдолтой билээ. Тиймээс 2015 онд Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Говь-Алтай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг сонгон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна
Т.Энхэлээ