-Улаанбурхан өвчний халдвар тээгч 95 болтлоо өсөөд байна-
“ДЭМБ-аас улаанбурхан өвчнийг бүрэн устгасан дөрвөн улсад гэрчилгээ өгөхөөр болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын Сөүл хотноо хуралдсан ДЭМБ- ын Баталгаажуулах хорооны шийдвэрээр улаанбурхан буюу кор өвчнийг бүрэн устгасан Австрали, Өмнөд Солонгос, Макао, Монгол гэсэн дөрвөн улсад энэхүү гэрчилгээг гардуулахаар болсон байна.
Манай оронд 2000 онд халдварт саа өвчнийг устгаж, ДЭМБ-аас анх удаа гэрчилгээ авч байсан бол 14 жилийн дараа улаанбурханыг бүрэн устгаж чадсан улсын тоонд багтлаа” гэсэн сайхан мэдээлэл одоогоос яг нэг жилийн өмнө цацагдаж байсан билээ. Харин өнөөдөр улаанбурхан өвчний халдвар тээгч 95 болтлоо өсөөд байна.
Устсан гэгдэж байсан улаанбурхан өвчний анхны тохиолдол энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр бүртгэгджээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний 95 нь уг өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өвчлөөд буй хүмүүсийн 22 нь 19-39 настай насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтаж байгаа аж.
Улаанбурхан өвчин бүрэн устсан хэмээн батламжилсан Австрали, Өмнөд Солонгос, Макао зэрэг улсад өнгөрсөн оны 7-8 дугаар сард бүртгэгдсэн нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирж байгаатай холбоотой гэнэ.
ЭМД-ын дэд сайд Д.Атармаа: Халдвартай хүмүүстэй харьцаж байгаа эмч, сувилагч нар өвчилсөн тохиолдол гарсан
Тэрбээр “Улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэнээс хойш нас барсан тохиолдол гараагүй. Хүндрэл гарч байгаа тохиолдол бол бий. Гэхдээ эмчилгээ, оношлогоо цагтаа хийгдээд явж байгаа. Өвчин үүсгэгчийн хувьд нэг л байгаа. Манай тохиолдлын хувьд лабораториор батлагдсан China HI өвчин үүсгэгч маань БНХАУ-д гарсан өвчин үүсгэгчтэй төстэй гэж гарсан. Агаар дуслын замаар тархдаг халдварт өвчин учраас зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр. Ер нь бол товлолт вакцин есөн сартай, хоёр настай хүүхдэд хийгддэг. Тухайн цаг хугадаандаа товлолт вакцин хийгдээд явсан. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд халдварт өвчний тархалтыг вакцинаар бууруулах ажлыг налээд эрчимтэй хийгдсэн, Вакцин хийлгэснээр хамгаалагдах ёстой өвчний гаралт буурсан үзүүлэлттэй байгаа.
Дархлаажуулалтыг сайжруулах талаас нь нэлээд сайн анхаарч байна. Ер нь халдвар хамгааллын дэглэмийг баримтлах талаар сургууль, цэцэрлэгийн багш нар болон эцэг, эхчүүдэд зөвлөмж өгч байна. Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хувьд халдвартай хүмүүстэй харьцаж байгаа эмч, сувилагч нар өвчилсөн тохиолдол гарсан. Тийм учраас бид өнөөдрөөс эхлээд хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа, халдвартай голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулалтад хамруулахаар 5000 хүн тун вакциныг нөөцөөс гаргаад байна. Одоо бол орны хүрэлцээ хангалттай байгаа. ХӨСҮГ дээр 250 ор бэлэн байна" гэв.
-Улаанбурханы хамгийн анхны тохиолдол насанд хүрсэн хүнд бүртгэгдсэн-
Хамгийн анхны тохиолдол насанд хүрсэн хүнд бүртгэгдсэн учраас халдвар юунаас үүдэлтэй байна гэдгийг тогтоохоор албаныхан ажиллаж байна. Одоо нэн түрүүнд халдварын тархалтыг зогсоох, халдварын голомтыг тэлэхгүй байх, бусад хумүүсийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын үзүүлж байгаа тусламж үйлчилгээг чанаржуулахад түлхүү анхаарч байгаа аж.
Монгол Улсын Үндэсний лавлагаа лабораторийн хийсэн шинжилгээгээр БНХАУ-д гараад буй вирусын омогтой ижил төстэй гэсэн эхний дүгнэлт гараад байгаа юм. Дараа дараагийн баталгаажуулах шинжилгээг ДЭМБ-ын Хонконгод байдаг Үндэсний лавлагаа лабораторид сорьцийг илгээж, дүгнэлтээ гаргуулна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Хамгийн гол нь хэдийгээр вирусын тархалтыг зогсоож чадсан гэж байгаа ч хөрш зэргэлдээ орнууд болон дэлхий нийтээр энэ өвчнийг бүрэн устгаагүй цагт зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байсаар байх болно гэдгийг ч онцолсон юм.
Дашрамд хэлэхэд ЕБС-иудын хичээл амарсантай холбогдуулан хүүхдүүд хамаатан садныдаа ирж, очих, хотоос орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч байна. Үүнтэй холбоотойгоор өвчний тархалт нэмэгдэх эрсдэл их байгаа аж. Дэд сайдын дурьдсан Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул зэрэг аймгууд руу хүн амын хөдөлгөөн их байгаатай холбогдуулан өвчний тархалт тэлэх хандлагатай байгааг энд онцох нь зүйтэй биз ээ.
Д.Ундрах /24tsag.mn/