ОХУ Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 70 жилийн ойгоо ирэх тавдугаар сарын есний өдөр тэмдэглэнэ. Өргөн хүрээнд зохион байгуулагдах уг арга хэмжээнд олон улсын төрийн тэргүүнүүд уригдаж байгаа. Гэвч Молдавын Ерөнхийлөгч Оросын баярт оролцохоос татгалзсан тухай “BBC” мэдээлжээ.
Молдавын Ерөнхийлөгч Николай Тимофти Ялалтын баярт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ өдөр Кишеневт зохион байгуулагдах улсынхаа уламжлалт баярт оролцоно хэмээн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Влад Цурканаар дамжуулан мэдэгдсэн байна.
Молдав нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Ялалтын барят оролцохгүй хэмээн мэдэгдсэн анхны улсаар тодорч байна.
Москвагийн Украинд явуулж буй бодлогыг эсэргүүцэн барууны томоохон гүрнүүд Ялалтын баярын арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдээлсэн юм. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы канцлер Ангела Меркель болон Финляндийн Ерөнхийлөгч, Голландын Ерөнхий сайд, Израилийн Ерөнхийлөгч нар оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Харин Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар тодорхой хариу өгөөгүй байгаа аж.
Британи, Франц, АНУ, ЗХУ-ын хамтрал Дэлхийн хоёрдугаар дайнд 1945 онд ялалт байгуулсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (8)