-Эмнэлгийн аюултай хог хаягдлыг шатааж устгахад ялгардаг бодис элэгний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог-
Нийслэлийн хэмжээнд 1200 орчим эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл манай улсын хэмжээнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгадаг ганцхан үйлдвэр байдаг. Тиймээс Эрүүл мэндийн байгууллагын аюултай эрсдэлтэй, хог хаягдал тээвэрлэх, халдаргүйжүүлж, устгах “Элемент” үйлдвэрийн ерөнхий менежер О.Доржтой уулзаж үйлдвэрийн үйл ажиллагааны талаар ярилцлаа. Тус үйлдвэр нь Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо нийслэлээс зайдуу байршиж байна.
-Танай үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ? Улсын хэмжээнд байдаг ганц үйлдвэр биз дээ?
-Тийм ээ. Эрүүл мэндийн байгууллагын аюултай эрсдэлтэй, хог хаягдал тээвэрлэх, халдаргүйжүүлж, устгах манай “Элемент” үйлдвэр 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг шатааж устгахад геоэксин, буран, хар тугалга зэрэг хүний биед хортой бодис ялгардаг юм. Энэ нь элэгний хорт хавдар үүсгэх гол шалтгааны нэг болдог. Тиймээс л бид энэ үйлдвэрийг байгуулсан.
-Эмнэлгийн хог хаягдлыг устгах ажил хэрхэн явагддаг юм бол?
-Тухайн хог хаягдал үүсч байгаа цэг буюу эмнэлгээс татан авалт хийхээс бидний ажил эхэлдэг. Тусгай зориулалтын лого тэмдэг бүхий бүхээгтэй машинууд хогоо тээвэрлэж, үйлдвэр дээрээ авч ирдэг. Үүнийхээ дараа ариутгалд оруулж, бутлах машинд хийж бутлаад зориулалтын талбайд булж устгадаг.
-Нэг удаад хэдэн кг хогийг хичнээн хугацаанд ариутгадаг вэ? Бүрэн халдаргүйжүүлж чаддаг болов уу?
-Мэдээж чадна. Манай ашиглаж байгаа төхөөрөмж нэг удаад 50-60 кг хогийг 30-40 минутын хугацаатай ариутгадаг. Тэгэхээр устгалд оруулж булахад ямар нэгэн халдвартай байна гэсэн ойлголт байхгүй ээ. Ер нь манай үйлдвэр өдөрт дөрвөн тонн хог хаягдал ариутгаж, устгах хүчин чадалтай.
-Эмнэлгийн хогийг тухайн цэгт удааж болдоггүй байх. Ер нь танайх эмнэлгүүдээс хогийг ямар давтамжтайгаар очиж авдаг юм бэ?
-Эмнэлгүүдээс аюултай хог хаягдлыг өвөл 72 цаг, дулааны улиралд 48 цагаас хэтрүүлэхгүй тээвэрлэх ёстой байдаг. Бид энэ хуулийнхаа дагуу ажилладаг.
-Эмнэлгийн аюултай хог хаягдал гэхээр мэдээж биологийн гаралтай хог ч гэсэн танай дээр ирдэг байх. Түүнийг хэрхэн устгадаг юм бэ?
-Төрөх эмнэлгүүдээс биологийн гаралтай /эхийн эхэс гэх мэт/ хог хаягдал ихээр ирдэг. Тэдгээрийг халдваргүйжүүлээд булж устгадаг.
-Эмнэлгийн хатуу хог хаягдлыг устгахад хүндрэл бэрхшээлтэй зүйл гардаг уу?
-Манай улсад эмнэлгийн хатуу хог хаягдал хийх уут, сав баглаа боодлын тухай стандарт байдаггүй. Тиймээс эмнэлгүүд төсөв өртгийг нь бодоод нимгэн гялгар уут, цаасан хайрцаг зэрэгт бохир зүү тариураа хийчихдэг. Үүнээс нь болж тээвэрлэлт хийдэг ажилчид зүү, тариурт хатгуулах тохиолдолд гарна. Мөн нимгэн уут сав нь ариутгагч машинд ороод хайлж, цоорох зэрэг бэрхшээл тохиолддог.
“Тавин ус” ХХК-ийн оруулж ирдэг уут, сав чанарын шаардлага хангахгүй байна
-Зарим эмнэлгүүдийг харж байхад тусгай зориулалтын бололтой хайрцаг саванд бохироо хийгээд байх шиг санагддаг. Тэр хайрцагнууд зориулалтынх биш байдаг юм болов уу?
-Манай улсад эмнэлгийн хатуу хог хаягдал хийх сав баглаа боодол оруулж ирдэг нэлээд хэдэн компани байдаг. Тэдгээр газрууд мөрдөгдөх стандарт байдаггүйгээс болохоор чанаргүй сав оруулж ирээд байгаа юм.
-Тухайлбал ямар компанийн оруулж ирсэн сав, баглаа боодол чанарын шаардлага хангахгүй байна вэ?
-“Тавин ус” ХХК-ийн оруулж ирдэг сав чанарын шаардлага хангахгүй байна. Бид тухайн байгууллагын удирдлагуудад хэлж, уулзах санал тавьсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй л байна.
-Танайх ямар бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, хэдэн машинаар хог хаягдлыг тээвэрлэж байна вэ?
-Манайх 40 орчим ажилтан, хог тээвэрлэдэг зориулалтын 10 машинтай үйл ажиллагаагаа явуулдаг.
-Санхүүжилтээ хаанаас авдаг юм бэ?
-Улсын статустай эмнэлгүүд Эрүүл мэндийн сайдын 93 тоот тушаалын дагуу гурвалсан гэрээ байгуулж гэрээний дагуу төлбөрөө төлдөг. Харин хувийн эмнэлгүүд бэлэн болон нэхэмжлэхээр тооцоогоо хийдэг. Ер нь эмнэлэг болгон өөр өөрийн гэсэн нэр бүхий хогийн савтай байдаг. Түүний дагуу энд аль эмнэлгээс хэдэн кг хог ирж байгаа нь бүртгэдэг болохоор ямар нэгэн асуудал гардаггүй.
Б.Энхжин