Жил ирэх тусам 0-5 хүртэлх насны хүүхдүүд золгүй байдлаар амиа алдах нь ихэсч байгаа мэдээллийг албаныхан онцолдог. Тэр дундаа сүүлийн үед эм зүйчийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд эмэнд хордох тохиолдол их байгаа юм.
Манай улсын хувьд эм химийн бодисын хордолтын ихэнх хувь буюу 85 хувийг 1-5 насныхан эзэлдэг. Гадаадын улс орнуудын хувьд мөн л 90 хувь нь зургаагаас доош насныхан өртдөг аж. Эдгээр хүүхдүүд гэрийхэн нь хэрэглэдэг, гадуур түгээмэл худалдаалагдаж байгаа эмэнд хордсон байдаг аж. Тухайлбал, өвчин намдаах халуун бууруулах эм, даралт бууруулах эм, витамин эрдэс бодисууд, зүрх судасны эм, тайвшруулах, нойрсуулах эм, антибиотик, харшлын эм, жирэмслэлтээс хамгаалах эм, төмрийн бэлдмэл зэрэгт хордох нь элбэг гэнэ. Харин эдгээрээс парацетамолын хордолт нэлээд их хувийг эзэлдэг гэдгийг албаныхан хэлж байна.
Дашрамд хэлэхэд, парацетамол эмийг эцэг эхчүүд тун хэтрүүлэн уулгаснаас болж хүүхэд амиа алдсан тохиолдол хэд, хэд бүртгэгдсэн билээ.
Өнгөрсөн удаад Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай “Люминал” хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлж байсан талаарх сурвалжлагыг бид хүргэж байсан. Тодруулбал, хүүхдүүдэд эмчийн зүгээс сэтгэцэд нөлөөтэй “Люминал” эмийг хүүхдийн тунгаар бичиж өгсөнийг “Монос-Эх нялхас” эмийн санч алдаа гарган том хүний тунгаар өгсөн учраас тухайн эмийг хэрэглэсэн нярай хүүхдүүд ийнхүү хордсон байдаг. Улмаар “Монос” эмийн сангийн эм зүйчид шүүхээс хариуцлага тооцож ял оноосон юм.
Тэгвэл дахин “Монос”-ын эмнээс 7 хүүхэд хордсон гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Тодруулбал, Эмнэлэгт эмчлүүлж байсан 7 хүүхэд зохисгүй эм андуурч өгснөөс хордож, биеийн байдал нь хүнд, эх нялхасын сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар эм зүйчийн алдаа гэсэн тайлбар өгөөд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Манайд хүүхэд эмэнд хордсон гэх мэдээлэл ирээгүй" гэв
Одоогоор яг ямар эмэнд хордсон талаарх мэдээлэл алга байна.
Тиймээс мэдээллийн дагуу бид ЭХЭМҮТ-ийг зорьж “Дотрын 2 дугаар тасаг”-аас хордсон хүүхдүүдийн талаар “Манайд эмэнд хордсон хүүхдүүд ирээгүй” гэх хариултыг өгсөн юм.
Улмаар ЭХЭМҮТ-ийн өргөтгөл болох Ажаа гэгээнтний эмнэлгийн үүдний жижүүр Батсайханаас хордсон хүүхдүүд бүртгэгдсэн эсэхийг тодруулахад “Манайд эмэнд хордсон гэх хүүхдүүд ирээгүй. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээнд ч тийм хүүхдүүд байхгүй” гэсэн юм.
Юутай ч ЭХЭМҮТ, Ажаа гэгээний эмнэлэг аль аль нь энэ талаарх мэдээллийг няцааж, мэдэхгүй, тийм зүйл байхгүй гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
Бид эмэнд хордсон хүүхдүүдийн асуудлаар эргэн сурвалжилж, шаардлагатай мэдээллүүдийг хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/