Брунэйн Султаны хүү 1788 онд баригдсан эзэн хааны ордондоо дэлхийд ховор тансаг хурим хийсэн тухай “Telegraph” агентлаг мэдээллээ.
31 настай хунтайж Абдул Малик 22 настай бүсгүйтэй хуримласан байна. Хосууд хоёулаа амлаз болон бусад үнэт чулуугаар чимэглэсэн үндэсний хувцсаа өмссөнийг барууны хэвлэл онцолжээ.
Сүйт бүсгүй Францын алдарт дизайнер Кристиан Лубутены гутлыг өмссөн бөгөөд амьд цэцэгний оронд эрдэнийн чулуугаар чимэглэсэн цэцгийн баглаа барьсан байна. Мөн голдоо гурван маргад эрдэнийн чулуун чимэглэлтэй алмазан хүзүүний зүүлт зүүсэн байжээ.
Абдул Малик нь Султан болон хоёр дахь хатан Салехагийн хамгийн бага хүү юм.
Хуримын ёслолын арга хэмжээнд нийт 5000 гаруй зочид оролцжээ. Энэ сарын тавны өдөр албан ёсоор эхлүүлсэн хуримын ёслол лхагва гараг хүртэл үргэлжлэх аж.
Хэмжээлшгүй эрхт Брунэйн Султан гэж хэн бэ?
Дэлхийн хамгийн баян хүмүүсийг тэргүүлэгчдийн нэг Брунэйн Султан гурван удаа гэрлэж байсан бөгөөд нийт таван хүү, долоон охинтой хэмээн бүртгүүлсэн байдаг аж.
Өмнө Британи ивээн эзэрхдэг байсан Борнео арлын 400 мянга орчим хүнийг өдгөө исламын эзэн хаан, хэмжээлшгүй эрхт 67 настай Султан удирддаг билээ.
Тус улсад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүйн дээр амьдралын түвшин дээгүүр тул улс төрийн хүрээнд бухимдал гарах нь бага байдаг аж. Хэдий тийм ч хааны гэр бүлийн хэт тансаг хэрэглээг шүүмжлэх тохиолдол гарч байсан юм.
Попын хаан Майкл Жексон 1996 онд Султаны 50 насны төрсөн өдрийн баярт дуулсны төлөө түүнд 10 сая фунт стерлинг төлж байжээ.
Өнгөрсөн жил Султан Шариагийн эрүүгийн хуулийг танилцуулсан нь ихээхэн маргаан дэгдээсэн. Уг хуульд гэмт хэрэгтнийг чулуугаар цохиж хөнөөх, үе мөчийг нь тайрах, зодох гэх мэт шийтгэлүүдийг тусгасан байсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)