Тавантолгойн гэрээ гацаанд орох магадлал өндөр боллоо. Учир нь уг гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад гол шийдвэрийг гаргах намын бүлгүүд нэгдсэн байр сууринд нэгдэж чадахгүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ын бүлэг уг асуудлаар ярилцаж тоймтой шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа гэнэ. МАН-ын бүлгийн 26 гишүүн л гэхэд Тавантолгойн гэрээг дэмжих үү, үгүй юу гэдэг дээр 14, 12-оороо яг хуваагдчихсан байгаа аж. Тодруулбал, тус бүлгийн 14 гишүүн нь тус гэрээг дэмжих боломжгүй гэж үзэж байгаа юм байна. Харин 12 нь дэмжээд явъя гэсэн байр суурийг илэрхийлжээ.
АН-ын бүлгийн хувьд ч уг асуудлаар хоёр хуваагдсан талаар эх сурвалж хэлж байна. АН фракцгүй болсныг зарлаад долоо дахь хоногтойгоо золгох гэж буй ч уг асуудлаар Алтангадасын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дэмжин Тавантолгойн ордыг хөдөлгөх нь зүйтэй. Тиймээс уг гэрээг УИХ-аар батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа бололтой. Харин Шонхорынхон хойш сууж, “Ийм муу гэрээг батлах шаардлагагүй” гэж буй сурагтай. Гэхдээ тус бүлгийн гишүүд намаа мөн улс орны нөхцөл байдлаа бодоод аль болох нэгдсэн шийдвэрийг гаргахаар хичээж байгаа аж.
Ямартаа ч тус хоёр бүлэг Тавантолгойн гэрээний асуудлаар дотооддоо ийм уур амьсгалтай байгаа гэнэ.
Харин олон нийтэд тайлбарлахдаа “УИХ дээр хэрхэн орж ирэхийг нь харж байж шийдвэрээ гаргана” хэмээн МАН-ын бүлэг хэлж байгаа бол АН бүлэг “Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэнэ” гэж байна.
Хэдийгээр гэрээг сайжруулах үүргийг УИХ-аас Тавантолгойн гэрээг байгуулах ажлын хэсэгт өгчихөөд байгаа ч одоо байгаагаасаа нэг их өөрчлөгдөхгүй нь тодорхой. Тийм байхад МАН-ын бүлэг УИХ-аар хэрхэн орж ирэхийг нь харж байж шийднэ гэж буй нь бас л бөөрөнхий хариулт.
Энэ байдлаараа АН, МАН-ын бүлэг хоёр хуваагдсан саналтайгаар орж ирвэл Тавантолгойн гэрээ УИХ дээр унах магадлалтай байна. Гишүүдийн олонх нь дэмжихгүй кноп дарахад л дөрвөн сарын хэлэлцээр, гурван талын хөрөнгө оруулагчийн хөрөнгө мөнгө, хөдөлмөр, гурван сая иргэний хүлээлт, Ерөнхий сайдын харанхуй цонхыг гэрэлтүүлж хэлсэн үг бүр хормын төдий л замхран алга болох нь.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн ордыг хөдөлгөж эдийн засгийн хүндрэлээс гарахаар болсон тухай мэдэгдсэн нь иргэдэд итгэл найдвар төрүүлсэн. Түүний яриаг сонссон хүн бүр “Одоо л эдийн засгийн хүндрэлээс гарах нь” гэцгээж байв. Гэтэл маргааш өглөө нь УИХ-ын дарга бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхисон. Уг нь асуудлыг УИХ-ын индэр дээрээс биш дотроо ярилцаж шийдвэрлэсэн бол өнөөдөр Монголыг гадныханд муухай харагдуулахгүй байлаа. УИХ-ын даргын мэдэгдлээс болж Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч Хятадын "Шинхуа" татгалзах бодолтой болж эхэлсэн талаарх мэдээлэл ч тархаж эхэлээ. Японы “Сүмитомо” бол эрхэм спикерийн мэдэгдлийг хүндээр тусгаж хүлээж авсан талаар аль хэдийн мэдэгдчихсэн билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (57)