Өнгөрсөн жил Мааньтад ялтан нас барж байсан. Тэгвэл энэ жил ч дахин нэг иргэн амиа алдлаа. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Хорих 415 дугаар ангид ял эдэлж байсан иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алджээ. Талийгаач А гэгч нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 20 жилийн ял сонссон аж. Улмаар гянданд таван жил ял эдлээд дэглэм нь буурч Мааньтын хорих ангид шилжжээ. Тэрбээр даралт ихсэж, зүрх өвддөгөөсөө болоод хорих ангийн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэж байсан гэнэ. Улмаар энэ сарын 10-нд гэнэт бие нь муудаж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаачийг зүрх судасны хурц дутагдал, цус харвалтаас үүдэж амиа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Улмаар уг хэрэгтэй холбоотой шалгалтын ажиллагаа явуулж, өндөржүүлсэн байдал зарласан учир хоригдлуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа гэнэ.
Төрийн хамгаалалтанд байхдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдаж байгаа асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг ард иргэдийн зүгээс удаа дараа хэлж, гуйж, хүсч байгаа билээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (12)