ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш ард иргэдтэй шууд эфирээр холбогдож, хамтдаа ярилцаж, асуусан асуулт бүхэнд нь хариулна хэмээн “RT” агентлаг мэдээллээ. Тэрээр уламжлал болсон энэхүү нөвтрүүлэгээ “Путинтэй шууд ярилц бас асуу” хэмээн нэрлэдэг билээ.
Нэвтрүүлгийг Оросын "Первый канал", “Россия-1”, “Россия-24” суваг болон “Маяк”, “Вести-FM”, “Радио России” станцууд шууд дамжуулах аж.
Кремлиний мэдээлснээр В.Путин маргааш иргэдийн 3000 гаруй асуултад хариулна хэмээн тооцоолж байгаа аж. Иргэд түүнд тавих асуултуудаа аль өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэлсэн тул ийм баримжаа гарсан хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
Гурван цаг орчим үргэлжлэх нэвтрүүлэгт иргэд ихэвчлэн барууны орнуудын хоригууд болон зүүн Украины асуудалд хариулт авахаар сонирхож байгаа хэмээн Дмитрий Песков онцолжээ. Хэрвээ нэвтрүүлэг хугацаандаа багтахгүй бол сунгана гэсэн бэлтгэлтэй байгаа юм байна.
В.Путин 2010 оноос хойш жилд нэг удаа ард иргэдийнхээ асуултад шууд хариулдаг уламжлалтай болсон билээ. Өнгөрсөн жил тэрээр иргэдтэйгээ 3 цаг 50 минутын турш шууд ярилцсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)