-Түймэр гарсан аймгуудад туслах ажлын хэсэг гарлаа-
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад энэ сард том хэмжээний түймрүүд гарч иргэдэд багагүй хохирол учрууллаа. Улмаар түймэрт өртсөн айл өрхүүдэд туслах ажлын хэсэг Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар гараад байгаа юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар ажиллах бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр р зүүн аймгуудыг зориод байна. Ажлын хэсэг улсын нөөцөөс орон гэргүй болсон 22 айл өрхөд гэр олгох юм.
Хээрийн түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологит учирсан хохирдыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловсруулж байна. Мөн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм
-Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад зонхилсон түймрүүд-
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатсан. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт 8 удаа, Сүхбаатар аймагт 10 удаа тус тус гараад байна.
Дээрхи гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Даваа гарагт гарсан түймрийг унтраахаар 579 хүн ажилласаар байна-
Энэ сарын 13-ний өдөр буюу даваа гарагт Хэнтий аймгийн Баян овоо сумын 1-р багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар гарсан хээрийн түймэр дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамарч уг түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн ОБГ-аас 34 албан хаагч, 4 автомашинтай, Сүхбаатар аймгийн төвөөс болон Түмэнцогт, Мөнххаан сумдаас 201 иргэн, 22 автомашинтай, Хэнтий аймгийн ОБГ-аас 47 албан хаагч, 4 автомашинтай Баян-Овоо сумаас 165 хүн, 14 автомашинтай, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан овоо сумдаас 72 хүн, 8 техниктэйгээр унтраахаар ажиллаж байна.
Түймрийн нөхцөл байдал хүндэрсэн зүүн 3 аймагт ажиллаж байсан Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин техниктэй нийт Онцгой байдлын албанаас 141 албан хаагч, 13 автомашинтай ажиллаж байна. Дээрх түймрийг унтраахаар нийтдээ 579 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Тухайн түймрийг унтраах нэмэлт дуудлагаар НОБГ-аас 12 албан хаагч, 1 автомашин, Говьсүмбэр аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, 1 автомашин, Дорноговь аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, 1 автомашинтай нэмэлтээр гарч түймрийн голомтонд хүрэлцэн очоод байна.
-“Дайчин Тамсаг” ХХК-ний 19 талбайд хээрийн түймэр гарч, тархжээ-
2015.04.13-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын “Дайчин Тамсаг” ХХК-ний 19 талбайд хээрийн түймэр гарч улмаар тархан дэлгэрч Халхгол сумын нутгыг хамарч уг түймэрт ОБА-аас 38 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 141 иргэн, 15 автомашинтай, Дачин тамсаг ХХК-аас 60 хүн, 10 автомашин, Хилийн цэргээс 79 албан хаагч, 10 автомашинтай, нийт 309 хүн, 40 автомашин техниктэйгээр унтраахаар ажиллаж байна.
2015.04.13-ний өдөр тус аймгийн Баян-Агт сумын Хайлааст 3-р багаас хойд зүгт 60 км зайтай гарсан хээрийн түймэрт Булган аймгийн ОБГ-аас албан хаагчид гарсан.
Тухайн түймэр нь Хөвсгөл аймгийн Тариалан сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт сумдын нутгийн хил залгаа тархан дэлгэрсэн. Түймрийг унтраахаар Булган, Хөвсгөл аймгийн ОБГ-аас 48 албан хаагч, 4 автомашинтай, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт сум, Хөвсгөл аймгийн Тариалан сумаас нийт 108 иргэн, 9 автомашинтай, нийт 156 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Түмэнцогт сумын Баянцагаан, Булан гэх газруудад цурамд оруулсан түймэр хүчээ авч эхэлжээ. Өнгөрсөн шөнө сумын төвөөс 20 км зайтай зам анги галд өртөж, паркад нь байсан найман ширхэг “Норд бенц” машин шатсан байна.
Дашрамд хэлэхэд түймрийн хохирлын хэмжээ, хэчнээн тоо толгой мал үрэгдсэн зэргийг хэлэхэд эрт байгаа юм. Юутай ч хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг замдаа гараад байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/