МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.
МАН-ын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонгуулиа ямар системээр хийхийг бүх ард түмний саналаар шийдэх ёстой гэж мэдэгдсэн. Мөн тус намынхан сонгуулийн хуулиар бүх ард түмний санал авах тухай тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа юм.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан зарим хэвлэлээр худал мэдээлэл гарсаныг залруулж мэдээлэл хийж байгаа нь энэ аж.
М.Мөнхбат энэ талаар “Сүүлийн хэд хоног хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр "МАН байр суурьнаасаа ухарлаа", "МАН ард түмний нэрийг барьж шоудлаа" гэх мэт “мессеж”-ийг олон түмэнд хүргээд байна. Манай намын зүгээс сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан байгаа. Уг шийдвэрийг гаргахаас өмнө бид хөдөө орон нутгийн иргэд, сонгогч түмэнтэй уулзалт хийсэн. Уулзсан, ярилцсан иргэн бүхэн намын жагсаалтаар сонгогддог асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Бид энэ асуудалд судалгааны байгууллагаар судалгаа хийлгэхэд, иргэдийн 93 хувь нь "намын нэрийн жагсаалтаар сонгогддог системийг тохирохгүй байна" гэсэн. Тиймээс иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнээс биш бид ямар нэг байдлаар сонгуулийн шоу хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Тус нам сонгуулийн тогтолцооны асуудалд ард түмний санал асуулгыг авах хэрэгтэй гэдэг байр сууриндаа байгаа гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн бүх нийтийн санал асуулга явуулахдаа хамгийн бага зардлаар буюу 1-2 тэрбум төгрөгөөр хийх боломжтой. Санал асуулга явуулах асуудлыг УИХ-ын дарга ганцаараа шийддэг юм биш. Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдэх ёстой гэв. УИХ-ын дарга ганцаараа дур мэдэн энэ асуудлаар ярих нь ч ёс зүйн хувьд ч тохиромжгүй гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)