Бид ихэвчлэн Баасан гаригийг бусдаас нь арай илүү хүндэлж хүлээдэг нь үнэн. Яагаад гэхээр их амралтын өдрүүд түүний маргаашаас эхэлдэг. Гэхдээ европчууд тухайн долоо хоногийн баасан гариг 13-ны өдөр тохиох юм бол ихээхэн цээрлэж, айж эмээн цэрвэдэг тал бий. Энэ айдсыг шинжлэх ухаанд параскавидекатриафоби гэдэг ажээ.
Ингэхэд баасан гариг 13-нд тохиох явдал 400 жилд янз бүрийн сард тохиох бөгөөд түүнээс хойш давтагдаж эхэлдэг байна. Энэ 400 жилийн хугацаанд 13 гэсэн тоо 4800 удаа тааралдах агаад үүний 684 нь даваа, мягмар, 687 нь лхагва, ням,харин 688 нь баасан гаригт тохиодог гэнэ.
Гэхдээ 13-ны өдөр тохиосон баасан гаригт азгүй явдал, осол аваарт өртөх магадлал маш өндөр гэж үздэг учир болж өгвөл орон дотроо өнгөрөөж, 13.00 цагаас хойш босохыг боддог хүмүүс олон аж. Бас ингэж болгоомжлохоор хэмжээний жишээ ч түүхэнд элбэг.
Баасан гаригт Христийг цовдолсон өдөр гэж үздэг учир шүтлэгтнүүд нь мацаг барьдаг. Лалын шашинтнууд чухамхүү энэ өдөр л дэлхий сөнөнө гэж үздэг учир бүгд сүмд мөргөл үйлддэг заншилтай. Жүүдүүд Шаббат буюу ажил төрөл хийхгүй байх өдөртөө бэлтгэдэг. Библийн сургаалд өгүүлснээр 13-ны баасан гаригт Каин ахынхаа амийг хөнөөсөн гэж үздэг байна. 13-ны баасан гаригт Тамплиерийн бүлгэмийг татан буулгаж, түүний гишүүдийг маш хэрцгийгээр тамлан хороосон түүхтэй. Ер нь 13-ын тоотой холбоо бүхий олон сайн муу олон баримт байдаг ч түүнээс батлагдсан нь цөөн юм. Үүнээс хамгийн их дэлгэрсэн нь Ийсус Христийн сүүлчийн шөнө буюу түүний 12 номын бурхантай холбоо бүхий домог бөгөөд энэ 13 хүнээс заавал нэг нь золиослогдох болсон явдал билээ. Францад нэгэн сонин үйлчилгээ бий. Энэ нь “Арван дөрөв дэх зочин” хэмээх мэргэжлийн байгууллага юм. Учир нь хэсэг нөхөд хамт нэг оройг өнгөрөөхөөр шийдлээ гэхэд тэд 13-уулаа болчихвол уг байгууллага руу утасдаж өөрсдийн хэрэгцээ,сонирхолд зохицсон 14 дэх зочныг урьдаг ажээ. Англид найрын ширээний 13 дахь сандал дээр хар хамба хилэнгээр хийсэн хулгана эхлээд тавьдаг бөгөөд бүх зочдыг суусны дараа авч хаядаг заншилтай.
Мөн Скандинавын орнуудад ч 13 гэсэн тоотой холбоо бүхий олон домог яриа бий. Эндхийн Вальхаллд болсон их найранд 12 бурхан хүрэлцэн ирсэн ба Локи бурхан энд ирснээр бурхдын тоо 13 болж эдний хооронд ихээхэн хэрүүл шуугиан дэгдсэн бөгөөд үүний дүнд бүхний хайртай Бальдра бурхан амь үрэгдсэн гэлцдэг билээ. Дундад зууны үед үүссэн хөзрийг “чөтгөрийн тоглоом” хэмээн нэрийддэг байжээ. Аргагүй юм. Яагаад гэвэл мөрийтэй тоглоомын явцад цөөхөн хүн баяжиж харин олонхи нь хувхайран хоосордог жам бий. Хөзөр нь гил,бундан,цэцэг,дөрвөлжин гэсэн дөрвөн төрөл байх агаад эдгээр нь тус бүр 13 ширхэг хөзрөөс бүрддэг. Эртний Герегийн яруу найрагч Гесиод “Хөдөлмөр ба өдрүүд” хэмээх бүтээлдээ хаврын тариалалтыг сарын 13-нд эхлэхийг цээрлэсэн байдаг. Мөн Микенийн хаан Агамемионыг түүний хорон санаат эхнэр нь 13-нд хороосон домог бий. Эртний Вавилонд 12-ын тоог хамгийн сайн гэж үздэг байжээ. Тиймээс ч од гаригсын тохиолоор жилийг 12 сар, өдөр шөнийг 12 цагт хуваасан гэх яриа бий.Европын зарим орны зочид буудалд 13 гэсэн дугаартай өрөө бараг байхгүй. Нисэх онгоцонд ч гэсэн 13 гэсэн дугаартай эгнээг олох нь толгой эргэм өндөр байшингийн 13 дугаар давхрыг олохоос ч хэцүү гэлцдэг юм.
Мөн үүнээс гадна хачин инээдтэй юм ч их болдог аж. АНУ-ын Массачусетс мужийн нэг иргэн эхнэртэйгээ 12 жил ханилсныхаа дараа салж, харин 13 дахь жил өнгөрсний хойно дахин ханилсан гэдэг юм. Тэрчлэн хэтэрхий шүтлэгтэй энэ эр сар бүрийн 13-нд гэрээсээ цухуйдаггүй, захиалсан сонин сэтгүүлийнхээ 13 дугаар хуудсыг уншдаггүй гэнэ. Мөн зарим улсын хурдан галт тэргэнд 13 дугаар вагон гэж байдаггүй. Ер нь13-ын тоотой холбоо бүхий огт тайлагдашгүй оньсого мэт олон тохиолдол гарсан байдаг. Ялангуяа хөгжмийн аугаа их зохиолч Рихард Вагнерийн хувьд энэ тоо асар их учир утга агуулдаг гэх нь бий. Рихард Вагнер болон Гектор Берлиоза, Генрих Хейне, Жорж Брак, Альбрехт Дюрер, Жузеппе Верди, Мерилин Монро, Вальтер Гропиус, Айседора Дункан, Ингрид Бергман, Эдгар Аллон По нарын овог нэрийг латин үсгээр бичвэл бүгд 13 үсгээс бүрддэг ажээ. Ингэхэд хөгжмийн зохиолч Р.Вагнер 1813 онд төрсөн бөгөөд тэрбээр хожим хоёрдугаар сарын 13-нд нас барсан юм. Байрейт дахь түүний театр наймдугаар сарын 13-нд нээгдсэн ба Вагнер амьдралынхаа туршид 13 дуурь бичсэн аж. Мөн түүний төрсөн оны тооны нийлбэр 13/ 1+8+1+3/ байдаг.
Тэрчлэн Вагнерийн уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн тооцогддог Веберийн “Эрх чөлөөт харваач” хэмээх дуурийн анхны тоглолт аравдугаар сарын 13-нд болсон аж. Вагнерийн “Тангейзер” дуурь Парист 1861 оны гуравдугаар сарын 13-нд анх тоглож, үзэгч олны ширүүн эсэргүүцэлтэй тулгаран, түүнийгээ хааж байсан бол 1895 оны тавдугаар сарын 13-нд мөн л Парист уг дуурийг тавих зөвшөөрлийг олгожээ. Ингэхэд “Тангейзер” хэмээх энэхүү дууриа Вагнер 1944 оны дөрөвдүгээр сарын 13-нд бичиж дуусгасан байдаг.
Түүнээс гадна Вагнерийн найруулагчаар ажиллаж байсан Ригийн төв театр 1837 оны есдүгээр сарын 13-нд нээгдсэн гэдэг. Мөн Вагнер гадаад оронд 13 жил цагаачилсан бөгөөд тэрбээр Байрейтийг есдүгээр сарын 13-нд орхин гарч, Венецийг хамгийн сүүлчийн удаа 1883 оны нэгдүгээр сарын 13-нд үзсэн ажээ. Тэрбээр Герман нэгдээд 13 жил болсны дараа нас барсан. Харин энэ бүх тоо баримтын тухай 1913 онд нийтлэгдсэн “1000 гайхамшиг” хэмээх номонд бичсэн байдаг ажээ. Мөн 13 гэсэн тооноос гадна долоо хоногийн баасан гаригийг тойрсон элдэв яриа бас бий. Үүний үүсэл домог их эртнээс үүдэлтэй. Ийсус Христийг баасан гаригт цовдолсон бөгөөд Адам, Ева хоёр “хэрүүлийн алимаа “ баасан гаригт хүртсэн гэлцдэг юм. Мөн Наполеон баасан гаригт байлддаггүй байсан бол Канцлер Бисмарк баасан гаригт ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурдаггүй байжээ.
Ер нь Баасан гариг, 13-ын тоотой давхацсан тохиолдолд илүү их гай гамшиг тохиолддогийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлах явдал бий. Тухайлбал 1984 онд Германы “Авто клуб” хэмээх нийгэмлэг нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ онд баасан гариг,13-ын тоотой давхацсан гурван өдөр тохиосон бөгөөд тухайн хоногуудад авто осол ердийнхөөсөө 30 хувиар өсч байсан гэнэ. Гэхдээ энд жилийн ямар улирал байсан, цаг агаар хэр тааламжтай байв гэдэгт онц анхаарал тавиагүй бололтой. Гэтэл 1993 онд гарсан “Их Британийн эмнэлгийн сэтгүүлд” баасан гариг 13-нд давхацсан өдөр өвчлөгсдийн тоо 25 хувиар өсч байлаа хэмээн тэмдэглэжээ. Харин Францын ван XIII Людовик 13 гэсэн тоонд хамгийн дуртай байв. Тийм ч учраас Людовик Австрийн Анна гүнжийг 13 настай байхад нь авч суусан билээ. Зарим үйлдвэрлэгчид 13 дугаарсерийн автомашин, нисэх онгоц, компьютерийн загвар гэсэн нэр хэрэглэдэггүй. Энэ өдөр хурим найр, гэрээ хэлцэл хийх, төрсөн өдөр тэмдэглэх зэргийг цээрлэдэг. Ер нь энэ сэдвээр хийсэн ном зохиол, кино жүжиг олон бий.
13-нд баасан гариг тохиох оны сарууд
2014 оны II, III, VI сар
2015 оны II, III сар
2016 оны V сар
2017 оны I, X сар
2018 оны IV, VII сар
2019 оны XII, IX сар
2020 оны III, XI сар
Д.Гал
Сэтгэгдэл (1)