Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Л-ийн санамсаргүй асгасан үнс нурамнаас дэгдсэн түймэр бүхэл бүтэн нэг сумын нутаг дэвсгэрийг галдаад байгаа. Гамшгийн хэмжээнд хүртлээ дэгдсэн түймрийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хөх чулуу гэдэг газраас эхэлсэн түймрийг бүрэн унтрааж чадаагүйн улмаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг руу гал хил дамнан орж иржээ. Түймрийн талаарх мэдээллийг иргэн н.Номинцэцэг сумын ЗДТГ-т анх өгсөн байна. Уг мэдээллийн дагуу Засаг даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг 156 иргэн, 17 автомашин, хоёр мотоцикль, дөрвөн трактор, нэг ковштойгоор гал унтрахаар очиж ажилласан байна. Гэсэн ч цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан түймэр газар авч улмаар гамшгийн хэмжээнд хүрэв.
Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн 80 хувь түймэрт автлаа
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн 80 хувь түймэрт автаад байгаа мэдээлэл 16-ны өдөр гарсан. Харин дэгдээд байгаа түймрээс үлдсэн газрын 10 хувийг хамгаалах боломжгүй байгааг ч холбогдох албаныхан мэдээллэв.
Харин өнгөрсөн өдрүүдэд гарсан түймэр сумын төв рүү нэг км хүртэл ойртсоныг цурманд оруулж чадсан ч салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/сек байснаас түймэр дахин дэгдсэн юм. Тухайн үед онцгой байдлын 150 гаруй ажилтан, нутгийн иргэд шуурхай ажиллаж байгаа ч хүн хүч дутмаг байгаа болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Түүнчлэн түймэр цааш дэгдэн аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд, ЕБС- ийн ахлах ангийнхныг дайчлаж магадгүй байгаа гэх мэдээлэл олныг сордхийлгэв.
Түймэр аймгийн төв рүү 50 км ойртов
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын түймэр аймгийн төв рүү ойртож гамшгийн хэмжээд хүрээд байна.Түмэнцогт сум нь аймгийн төвөөс 150 км зайтай байдаг аж.
Гэтэл түймэр газар авсаар 100 гаруй км нутаг дэвсгэрийг дамнан асч байгаа бөгөөд аймгийн төвд 50 км ойртоод байгаа мэдээлэл 17-ны өдөр ирэв. Түүнчлэн цаг агаарын байдлаас шалтгаалан цурманд орсон түймэр дахин дэгдэх магадлалтай байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Харин түймэр дахин хүчтэй дэгдвэл агаарын түймрийн хяналтыг хэрэгжүүлэх нисдэг тэргийг ажиллуулахаар болсон байна.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас шийдвэр гаргаж, цэргүүдийг түймэр унтраах ажиллагаанд дайчлахаар болжээ. Түүнчлэн байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд сумын өвчсний нөөцөд байгаа өвсийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.
Ерөнхийлөгч иргэдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч буй нөхцөлд гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өгөв.
Төрийн тэргүүн гал түймэр унтрааж байгаа ОБЕГ-ын ажилтнууд, гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах, мөн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болголоо.
Шадар сайд У.Хүрэлсүх Түмэнцогтыг зорилоо
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг бүхэлд нь шахуу хамарсан түймэр аймгийн төв рүү ойртож, гамшгийн хэмжээд хүрээд байгаа тул Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарч байгаа газруудад очиж ажиллахаар боллоо.Түймрийг унтраах ажилд одоогоор 600 орчим хүн, 59 автомашин ажиллаж байгаа юм.
Түймэрт өртсөн 22 айлд гэр олголоо
Хээрийн түймрийн үеэр хүний амь эрсдээгүй ч их хэмжээний хохирол учирсан. Түймрийн улмаас орон гэргүй болсон айлуудад гэр олгох шийдвэрийг
Улсын онцгой комисс гаргасан учир гэр ачсан машин замдаа гарч эхнээсээ эзэддээ очсон. Харин цагдаагийн байгууллагын шинжээч нар хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа ч одоогоор тодорхой хэлэх боломжгүй байгаа аж.
Харин гал алдаж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, торгуулийн арга хэмжээ авна гэдгийг хуулиндаа заасан байдаг аж.
Он гарсаар 71 удаа ой хээрийн түймэр гарчээ
Түмэнцогтоос 10 км-ийн өргөнтэй түймэр Мөнххаан, Эрдэнэцагаан сум руу орсон. Харин үүнийг газар авахуулалгүй тогтоосон цурамд оруулж чадсан юм. Харин улсын хэмжээнд энэ сарын 14- ний байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225,273 га ой, хээрийн бүс шатжээ. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт найман удаа, Сүхбаатар аймагт арван удаа гарчээ. Дээрх гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1.3 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Түймэрт өртсөн сумынханд туслах хандивын аян эхэллээ
Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байгаа Түмэнцогт сумын иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээж, уриалга гаргасан.
Уриалгад “Түймрийн улмаас хүнд байдалд ороод байгаа хүмүүстээ нэг санаа сэтгэлээр тусалж, нэгдэх цаг нь иржээ. Халуун сэтгэлийн энэ аяныг өрнүүлж, шатах аюултай бүс нутагт байгаа Түмэнцогтчуудад тусламжийн гараа хамтдаа сунгацгаая. Тэдэнд туслах аяны цуваа хэдийнэ эхлээд байгаа юм. Нутгийн залуучууд нутаг руугаа хүлгийн жолоо залж, өөрсдөө гал унтраах ажилд оролцож байгаа бол зарим нь эд мөнгө, өөрийн оролцоо, сэтгэлийн дэмийг түймэрт хохирсон иргэдэд илгээсээр байна. Хандивын энэ цуваанд та нэгдэж, цувааг үргэлжлүүлж, улсынхаа нэг сумын иргэдэд туслая” гэсэн байв.
Түүнчлэн Иргэний зориг ногоон нам түймэрт өртсөн айл өрхөд болон түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнд туслах хандивын аян зохион байгуулахаар болсоноо мэдэгдэж гишүүд дэмжигчидийг хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалсан юм.
Сэтгэгдэл (6)