МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж 1, 2-ын даваа яваад өндөрлөлөө. Барилдааныг нээж МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан үг хэлсэн бол СГЗ, улсын начин С.Эрхэмбаяр "Монгол бөхийн дуулал" дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж эхлүүлсэн юм.
Зааланд анх удаа болж буй 1024 бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 1024 бөх зодоглож байна.
Улсын цолтой бөхчүүдээс барилдааны нэгийн даваанд улсын начин С.Даваасамбуу СХД-ийн Д.Батжаргалд, хоёрын даваанд улсын өсөх идэр начин Х.Амараа Завханы сумын заан М.Батмягмарт, Ж.Оргил Өвөрхангайн сумын заан Д.Намхайд, Л.Цэвээн Хэнтийн сумын заан Х.Оргилд, С.Дэлгэрбат Хэнтийн сумын заан Х.Амарзаяад, Л.Өлзийбаяр Булганы сумын заан П.Сандагдоржид, Л.Наранбаатар Төвийн сумын заан Н.Дашдаваад тус тус тахим буулгав.
Зааланд анх удаа зохион байгуулагдаж буй 1024 бөхийн барилдаанд барилдаж буй бөхчүүдийг цолоор нь ангилбал дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 4, улсын гарьд 5, улсын заан 4, улсын харцага 10, улсын начин 38 нийт улсын цолтон 63, аймаг цэргийн арслан 109, аймаг цэргийн заан 45, аймаг цэргийн харцага 45, аймаг цэргийн начин 147 нийт аймаг цэргийн цолтон 346, сумын заан 363, сумын харцага 3, сумын начин 25 нийт сумын цолтон 391, залуу бөх 224 бүгд 1024 бөх зодоглож байна.
Барилдааны гурвын даваа өнөөдөр 12 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Г.Үжин