УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллалаа.
Багануурт “Шинжлэх ухаан, технологийн хотхон” байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар оюутны хотхоныг барьж, байгуулах, их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах асуудал хоёр засгийг дамнан яригдаж байна. Тэгвэл Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануурт “Шинжлэх ухаан, технологийн парк” байгуулах ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. ШУТИС-ийг хотоос нүүлгэж, эрдэм, шинжилгээ, судалгаанд суурилсан, оюутан залуусын хотхон Багануур хотод сүндэрлэх нь. Ингэснээр монголчуудын удтал, мөрөөдөж ирсэн өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж жинхэнэ утгаараа бий болно. Цаашилбал, үйлдвэрийг кластерийн системээр хөгжүүлэхэд “Шинжлэх ухаан, технологийн хотхон”-ы үүрэг оролцоо онцгой. Ирээдүйн Багануур хотод шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл хөгжиж, өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрчимжүүлэхэд энэхүү хотхоныг барьж байгуулах нэн шаардлагатай байгаа юм.
Томилолтын бүрэлдэхүүнд Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, БСШУЯ-ны холбогдох албан тушаалтнууд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар багтаж, ажиллав хэмээн Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (4)