Албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэг ил болж, олны анхаарлыг татаж байна. 2012 оноос хойш 239 эрх мэдэлтэн, албан тушаалтан хөрөнгөө тайлагнадаг байсан бол 2014 онд 244 болж өсчээ. Ингээд эрхэм гишүүдийн хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Энэ удаад хамгийн баян хийгээд хамгийн олон компанитай эрхэмүүдийн хөрөнгө орлогогын мэдүүлгийг хүргэж байна.
Юм бүхэнтэй түшээдүүд
УИХ-ын дарга З.Энхболд 2014 онд 308.4 сая төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлжээ. Тэрбээр хоёр орон сууц, нэг барилгатай. Энэ нь 270 саяар үнэлэгддэг. Хоёр адуу, 50 хоньтой. Малаа 12 саяар үнэлсэн. Хадгаламждаа 22.9 сая төгрөгтэй. Мөн “Интер” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Дүрмийн сандаа нэг сая төгрөгтэй.
Харин УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд 1.2 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, нэг барилгатай. Хоёр жийп машин нь 140 сая төгрөгнийх. Хурдан удмын адуу 60, адуу 260 бөгөөд нийт 320 адуугаа 860 сая төгрөгөөр үнэлсэн. Үнэт эдлэлүүд нь л гэхэд 290 сая төгрөг болдог. Хадгаламждаа 303.2 сая төгрөгтэй. Нийт найман компанийн хувьцаа эзэмшдэг. Харин энэ бүхэн зөвхөн ил гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэг. Нийт 2.5 төгрөгийн хөрөнгө байна.
УИХ-ын гишүүн С.Оюун нийтдээ 379 сая төгрөгийн хөрөнгөтэй. Тэрбээр нэг орон сууц, нэг барилгатай. Түүнийгээ 224 сая төгрөгөөр үнэлсэн. Хурдан удмын нэг адуутай. Эл адуу нь 2.0 сая төгрөгний үнэтэй. Хадгаламждаа 11.3 сая төгрөгтэй. “Мөнгөн агт” ХХК-ийн 33.3 хувийг эзэмшдэг. Харин үүнийг үнэлвэл 139.2 сая төгрөг аж.
10 тэрбум давсан хөрөнгөтэй эрхмүүд
УИХ-ын гишүүн Г.Батхүү 76.8 тэрбум хөрөнгөөр бусдыгаа хошуучилж байна. Түүний араас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 60.5 тэрбумын хөрөнгө мэдүүлжээ. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт 53.1 тэрбум, Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбумын хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
5 тэрбум дотор хөрөнгөтэй эрхмүүд
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ 5.8 тэрбум, “Монроуд” Б.Гарамгайбаатар 5.0 тэрбум, “Дорнод гурил”-ын Х.Болорчулуун 4.9 тэрбум, “Нью прогресс” С.Бямбацогт 3.6 тэрбум, “Бридж” Д.Ганхуяг 2.9 тэрбум, “Хурд” Б.Чойжилсүрэн 2.1 тэрбум “Женко” Х.Баттулга 1.5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.
Нэг ч компанид хувь эзэмшдэггүй гишүүд
Монголын толгой гэсэн компаниудад хувь эзэмшдэг хүмүүсийн дийлэнх нь 76-гийнхан байдаг. Тэгвэл ямар ч компанид хувь эзэмшдэггүй хүмүүс гэж бас байна. Тэд өөрсдийгөө нэг ч компанид хувь эзэмшдэггүй гэж АТГ-т мэдүүлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Н.Номтойбаяр, Я.Санжмятав, Х.Тэмүүжин нар.
Харин хамгийн олон компанитай улс төрчид
Б.Наранхүү 27 компани эзэмшдэг. Компаниудынх нь дүрмийн сан нийлээд л 66.2 сая төгрөг. Мөн Б.Чойжилсүрэн гишүүн 27 компанитай. Дүрмийн сан нь 1.5 тэрбумаар хэмжигдэнэ. Мөн Г.Батхүү 21, Д.Зоригт 15, Х.Баттулга, Д.Тэрбишдагва нар 13, С.Бямбацогт 12, О.Содбилэг 11, Д.Сумьяабазар 10, М.Энхболд, Р.Амаржаргал, Ц.Дашдорж, Д.Ганхуяг нар найм, Я.Содбаатар, Д.Бат-Эрдэнэ, М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг нар тус тус зургаан компани эзэмшиж байна.
АТГ нь энэхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, олон нийтэд танилцуулаад өнгөрчихдөггүй. Энэ дагуу үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явагддаг. Тэр үед эдгээр хүмүүс хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэх нь тодорхой болох юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)