Барууны тодотголтой бүхий л зүйлд “харшилтай” Хойд Солонгост англи хэл сурах хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн тухай “Guardian” агентлаг мэдээллээ.
Тус улсын их, дээд сургуулиудад англи хэлний хичээлийг түлхүү оруулж эрчимтэй сургалтыг зохион байгуулах болсон талаар хамгийн анх Хойд Солонгосын сурган хүмүүжүүлэх чиглэлээр бичдэг “Кёюк синмун" сонинд дурдсан байна.
Гадаад хэлийг сайн эзэмшсэнээр юуны өмнө сурч буй салбарынхаа ном, зохиол, гарын авлагыг эх хэл дээр нь чөлөөтэй унших боломжийг бүрдүүлж, ажил мэргэжилдээ амжилт гаргах үндэс болно хэмээн сонины нийтлэлд онцолжээ.
БНАСАУ-ын боловсролын асуудал хариуцсан хорооноос өнгөрсөн онд их, дээд сургуулиудын элсэлт авахдаа гадаад хэлний ярианы түвшинг тогтоох шалгалт авахыг шаардах болсон байна.
1970-аад онд тус улсад гадаад нэр томьёог үндэсний үг хэллэгт нийцүүлэн орлуулах арга хэмжээ авч эхэлсэн аж. Энэ хүрээнд “Хэлний бүтээн байгуулалт” хэмээх 38 мянган үг хэллэгтэй толь бичиг гаргасан бөгөөд үүндээ нэг ч гадаад үг хэллэгийг оруулаагүй аж.
Г.Үжин