МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийг тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар өгөв.
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар санал солилцсон байна. Н.Номтойбаяр гишүүн энэ талаар ярихдаа "Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт МАН-ын бүлгээс таван гишүүн орж ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногтоо багтаад бүлэгтээ мэдээлэл өгөхийг дээрх таван гишүүнд үүрэг болгосон. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор болж байгаа хууль бус ноцтой үйлдлүүдтэй газар дээр нь очиж танилцсан” гэв.
Харин Д.Сумъябазар гишүүн уг асуудлаар “ Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн эрх, эд хөрөнгөд халдаж байгаа асуудлууд байна. Тухайлбал, Гэр хороолын 0,7 га газрыг жижиг кв.метртэй байраар солих нь иргэдэд төдийлөн таалагдахгүй байна. Үүнээс болж барилгын компани болон иргэд хоорондоо үл ойлголцоод байгаа юм. Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарын байруудад дахин төлөвлөлт хийх компанийг иргэд хууль бус гэж үзэж байгаа юм байна. Өчигдөр Хан-Уул дүүрэгт ажиллахад иргэд энэ асуудлыг ярьж, холбогдох хүмүүст нь дуулгаж өгөхийг хүссэн. Дахин төлөвлөх байршлаа бүрэн чөлөөлж чадалгүй 1-2 айлын хашааг чөлөөлж, нүх ухаад хундам цутгасан явцтай байдал нийслэлийн дахин төлөвлөлтийн 24 байршлийн 90 хувьд нь байна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороон дээр Дамбадаржаагийн орчимд нэг иргэний хоёр давхар байшинг нураалгаж, газрыг нь чөлөөлөөд, хундам цутгаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр айлын өрхийн тэргүүн нас бараад, үр хүүхдүүд нь түрээсийн байранд амьдраад явж байгаа байдалтай байна” гэлээ.
Тэрбээр мөн Монгол Улсын Барилгын норм, дүрэм стандарт, хөрөнгө оруулагчдын ажилд тушаа болж байна. Мөн дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх журам нь Үндсэн хуулийг давсан эрхтэй. Журмаар зохицуулах нэрээр албадан хүний газрыг авч байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст албан ёсоор хандаж тайлбар авахыг хүссэн гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)