“Буянт-Ухаа 1” хороолол дэх 60 хүүхдийн хоёр цэцэрлэгийг дуудлагаар худалдах гэж байгаа тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ түгжигдэж байхадТөрийн орон сууцны санхүүжилтын корпорациас ийм шийдвэр гаргах ямар шалтгаан байв. “Буянт-Ухаа 2” хорооллын цэцэрлэг, сургуулийг ч мөн ингэж дуудлагаар худалдах юм биш биз. Дуудлагаар худалдагдсан цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу ашиглаж чадах уу гэх мэт олон асуулт уг асуудлын хүрээнд гарч байгаа юм. Энэ бүх асуултад албаны хүн ингэж хариуллаа.
Ингээд ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягийн ярианд анхаарлаа хандуулна уу.
-Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байхад ТОСК “Буян-Ухаа 1” хорооллынхоо цэцэрлэгийн байрыг дуудлага худалдаагаар худалдах гэж байна хэмээн хүмүүс ярьж эхэллээ. Бага ч үгүй шүүмжлэлтэй байна. Чухам ямар шалтгаанаар цэцэрлэгийн байрыг дуудлагаар худалдах гээд байгаа юм бэ?
-“Буянт-Ухаа 1” хороолол нь 60 хүүхдийн хоёр цэцэрлэгийг барьж улсын комисст хүлээлгэж өгсөн. Нийт 120 хүүхдийнх гэсэн үг шүү дээ. Улсын комисс ч шалгаж үзээд “Стандартын шаардлага хангасан цэцэрлэг байна” гээд хүлээж авсан.Үүний дараа“Цэцэрлэгийн барилгыгалбан ёсоор хүлээн авч үйл ажиллагааг нь эхлүүлнэ үү”гэсэн хүсэлтийгНийслэлийн Боловсролын Газар, БСШУ-ны яаманд хүргүүлсэн. Учир нь ТОСК цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага нь биш юм. Тиймээс л салбарын яам, Нийслэлийн боловсролын газарт хандсан юм. Гэтэл Нийслэлийн Боловсролын газраас “2014 оны төсөвт цэцэрлэгтэй холбоотой зардал суугдаагүй учир уг цэцэрлэгийг ажиллуулах боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Мөн БСШУ-ны яамнаас “Цэцэрлэг явуулахад гардаг дулаан хангамж, тог, багш, ажилчдын цалин, нийгмийн даатгал, хүүхдийн хоол унд гэсэн тодорхой хэмжээний зардлууд байхгүй” гэсэн тайлбарыг мөн өгсөн. Үүний дараа бид дахин хүсэлт тавьж “2015 оны төсөвт суулгах замаар уг цэцэрлэгийг өмчлөлдөө аваад ажиллуулаачээ” гэсэн. Гэтэл нөгөө л хариултуудаа хэлсэн. Бидний хувьд оршин суугчдынхаа хүүхдүүдэд зориулж барьсан цэцэрлэгээ аль болох түргэн үйл ажиллагааг нь эхлүүлж, эзэнтэй болгох асуудлыг байнга л тавьж байгаа. Ингээд 2015 он ч гарлаа. Дахиад л Нийслэлийн Боловсролын газар, БСШУ-нд хандсан боловч бас л зардал, мөнгө байхгүй гэдэг хариуг хэлсэн. Өнгөрсөн хугацаандбид уг цэцэрлэгийн байрыг хувийн хэвшилд худалдахгүй юм шүү гэсэн бодлогыг барьсан. Хувийн хэвшил уг барилгыг өөрсдийн хөрөнгөөр авчихвал “Буянт-Ухаа 1” хорооллын хүүхдүүд маань төлбөртэй цэцэрлэгт явах байдал үүснэ. Бид энэ цэцэрлэгийг зээлээр барьсан. Тиймээс зээлээ эргэн төлөх хугацаа тулаад байна. Ингээд өнгөрсөн гуравдугаар сард ТОСК-ийн удирдлагын зөвлөл хуралдаад тус барилгыг дуудлага худалдаагаар худалдъя гэсэн шийдвэрийг гаргаад байна.
-Цэцэрлэгийн барилга дуудлага худалдаагаар худалдаалагдсаны дараа зориулалтын дагуу ашиглагдаж чадах уу?
-Манай зүгээс дуудлага худалдаанд оролцох байгууллагуудад шаардлага тавьж байгаа. Тэр нь уг барилгыг худалдаж авсан тохиолдолд цэцэрлэгийн зориулалтаар ашиглах ёстой гэсэн шаардлага юм. Хэрвээ байрыг зориулалтын дагуу ашиглахгүй бол бид дуудлага худалдаагхүчингүй болгож буцааж авна. Гэрээнд ингэж тусгаж өгсөн.
-Уг нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хувийн хэвшлүүд цэцэрлэгээ барь. Бид худалдаж авъя” гээд байсан. Гэтэл цэцэрлэгээ ч ажиллуулж чадахааргүй хүнд байдалтай байгаа юм байна да аа?
-Уг асуудал эргээд улсын төсөв түүнтэй уялдсан нийслэлийн төсөв хөрөнгөтэй холбогдоод байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлтэй холбоотой болчихоод байна. Түүнээс биш аль ч шатанд хүүхдүүдээ төлбөртэй цэцэрлэгт оруулна гэсэн бодлогыг барихгүй шүү дээ.
-“Буянт-Ухаа 2” хорооллын сургууль, цэцэрлэг мөн ийм асуудалтай тулгарах юм биш биз. Тэнд чинь хэд, хэдэн сургууль цэцэрлэг баригдаж байгаа шүү дээ?
-“Буянт-Ухаа 2” хороололд 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг баригдаж байна. 2015-2016 он дамжаад ашиглалтад орно. Бидний зүгээс “Дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно шүү” гэдгээ албан бичгээр хүргүүлээд л байна. Мөн нэг ээлжиндээ 1200 хүүхдийн багтаамжтай сургууль байна. “Буянт-Ухаа” хорооллыг төлөвлөхдөө иж бүрэн хорооллын хэмжээнд төлөвлөлтийг нь баталсан. Үүнд, үйлчилгээнийтөв, нэгдсэн дулаан зогсоол, ногоон байгууламж, хүүхэд болоод ахмадын амрах талбай гээд бүхий л зүйл байна. Тэгэхээр Боловсролын яам уг асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдэх байх гэж найдаж байна. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний 22 барилга өнгөрсөн 12 дугаар ашиглалтад орох байсан. Үлдсэн 26 барилга нь энэ оны долдугаар сарын 1-ны өдөр ашиглалтад орох хувиартай байсан. Нийтдээ 54 айлын 48 ширхэг есөн давхрын барилга байгаа шүү дээ. Энэ барилга гүйцэтгэлийн хувьд батлагдсан хуваарийн дагуу явж байсан. Харамсалтай нь улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бас л хойшлогдохоор байна. Гадна инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөрхийнэ гээд хуульчилсан байдаг. Гэтэл тэр зардал нь төсөвт суугаагүй гэдэг шалтгаанаар инженерийн шугам сүлжээний ажил хойшлогдоод бид өнгөрсөн өвөл дулаанаа авч чадаагүй. Дулаанаа авч чадаагүйгээс үүдэлтэйгээр барилгын дотор заслын ажлууд мөн хойшилсон юм. Үүнээс болж хойшилж магадгүй байна даа.
-Хөдөө орон нутагт 1000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Одоогоор хэдэн аймагт орон сууц бариад байна?
-Бид нийт 8 салбарт 1000 айлын орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Үүнд,Увс, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ховд, Хэнтий мөн тус аймгийн Бор-Өндөр сум гэсэн газарт төлөвлөлтийг эхлүүлээд явж байна. Үүнээс хамгийн эхэнд буюу тавдугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн 189 айлын орон сууц, Архангай аймгийн 132 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байна. Бусад аймгуудад барьж буй барилгын ажил 30-55 хувьтай байгаа. Орон нутгийн барилгыг санхүүжүүлэх ажил төлөвлөгөөт хугацаанаасаа бас л хойшилж байна. Гэхдээ мэдээж Монгол улсын хүн амыг хямд өртөгтэй орчин үеийн чанар стандартад нийцсэн орон сууцаар хангах төрийн бодлогыг үргэлжлүүлэх ажлаа бид зайлшгүй хэрэгжүүлнэ. Эдийн засгийн хүндрэл удаан үргэлжлэхгүй байх. Санхүүгийн эх үүсвэр нь бүрэлдээд эхэлбэл судалгааг нь хийчихсэн учраас бусад бүх аймгийг ч иймэрхүү байдлаар орон сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Салбар яамнаас ТОСК-ийн үйл ажиллагааг нь өргөжүүлнэ гэж мэдэгдсэн. Тухайлбал, Түрээсийн орон сууцны үйл ажиллагаа руу ч танайх орох төлөвтэй байна. Уг ажилд танайх бэлэн үү?
-Бид хямд орон сууцыг нийлүүлэхээс гадна түрээсийн орон сууцны асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Шууд мөнгөө төлөөд орон сууцанд орох боломжгүй иргэдийг түр хугацаанд түрээсийн орон сууцанд байлгах юм. Манай байгууллагын дэргэд орон сууцны даатгалын санг байгуулж хүмүүсийн санхүүгийн их үүсвэрийг шийдэх чиглэлээр Засгийн газар санаачилга гаргаад ажиллаж байгаа. ТОСК-ийн дэргэд түрээсийн орон сууцны ашиглалтын хэлтэс байдаг. Тэр хэлтсийг томруулаад ажиллана. Манайхаас хэрэгжүүлж байгаа бас нэгэн ажил байгаа. Тухайлбал, иргэд орон сууц худалдан авах төлбөрийнхөө тодорхой хувийг өөрсдөө гаргадаг. Үлдсэн хувийг нь банкны 8 хувийн ипотекийн зээлд хамрагдан төлдөг. Яг энэ жишгээр сүүлийн хэдэн жил явж ирсэн. Энэ нь орон сууцанд орох хүсэлтэй иргэдэд бүгдэд нь хүрч чадахгүй байна. Тэгэхээр ТОСК өөрсдийн гэсэн санхүүгийн нөөцтэй болсон тохиолдолд орон сууцыг бариад шууд иргэдийг оруулна. Иргэд ямар нэгэн банкны зээл төлөлгүйгээрсар бүр цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг манайд төлдөг байдлаар шийдэх гэж байгаа. Түрээсийн орон сууцнаас хэлбэр нь арай өөр. Тэгээд сар бүр мөнгөө төлөөд тухайн хүн байраа өөрийн болгоно гэсэн үг юм.
Т.Хулан
www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)